Жоргүй антибиотик олгохгүй гэсэн тангарагийн бичигт гарын үсэг зурцгаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-13 09:43:31

Антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох үүднээс Архангай аймгийн төв болох Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 10 эмийн сангийн эрхлэгч тус тангарагийн бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Харин сумдын эмийн сангуудад тангарагийн бичгийг хүргэсэн байна.

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, эмийн сангууд зөвхөн эмчийн жороор антибиотикийг зардаг болох зорилготой аяныг тус аймгийн ЭМГ-аас зохион байгуулж, эмийн санийн эрхлэгчид, Нэгдсэн эмнэлэг, сумдын болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулжээ.
Антибиотик эмийн талаарх ойлголт, түүний зохистой хэрэглээнээс үүсэх эрсдэл, антибиотикийг заавал эмчийн заавар, зөвөлгөөний дагуу хэрэглэх, жороор авч хэвших талаар мэдээлэл сурталчилгааг, мэдээллийн самбараар дамжуулан иргэдэд хүргэхийг эмийн санчид хэвшүүлэх юм.

Мөн антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн эмчилгээг бичих үндэслэл, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмч нар ч сургалтад хамрагдсан байна.

 Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ