Сүхбаатар аймгийн таван сум цагаанаар зудархуу байдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Х. Энхбаярын танилцуулсанаар 01 дүгээр сарын 10-ны байдлаар Сүхбаатар аймгийн таван сум цагаанаар зудархуу буюу нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрсэн, найман суманд өвөлжилт хэвийн байгаа юм байна.
Тодруулбал Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сумд цагаанаар зудархуу байдалд хүрчээ. Энэ сумдад цасны хэмжээ 9-14 см байгаа бол бусад сумдад 1-6 см-ийн зузаан цастай байна. Харин хунгар цасны тухайд Түмэнцогт суманд хамгийн зузаан буюу 15-25 см-ын зузаантай байна. Цаашид нэг, хоёрдугаар сард цас орох төлөвтэй байгаа. Хэрвэ их хэмжээний цас орж хүйтэрчэл Мөнххаан, Халзан, Баруун-Урт гэсэн сумдад өвөлжилт хүндрэх магадлалтай байгааг тэрээр хэллээ.
Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногоос хүйтний эрч эрс чангарсан бөгөөд шөнөдөө -30-33 градус хүртэл хүйтэрч байна. Одоогоор Түмэнцогт суманд -35 хүртэл градус хүрч хамгийн ихээр хүйтрээд байгаа юм байна.
Т. Одончимэг