УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагналын энэ оны шалгаруулалтыг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-16 16:09:53

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын энэ оны шалгаруулалтыг УИХ-аас зарлалаа.

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон. Энэхүү шагналыг чансаатай бүтээл туурвисан нэг хүн эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог юм. Шагналд нэр дэвшүүлэх бүтээл нь судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх, дотоод эсвэл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх, бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх шаардлагатай.

Мөн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага уг шагналд нэрээ дэвшүүлж болох юм. Тэдгээр бүтээлийн талаарх материалыг ирэх сарын 30-ны өдрийн дотор УИХ-ын Тамгын газар хүлээн авч, шалгаруулалтыг явуулах аж.

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Төрийн ордонд гардуулна.

Б.Туул

Холбоотой мэдээ