Ахмад Элчин сайдуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт үзүүлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог. Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг баталснаар ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хороо болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг нар гаргасан. Онц бөгөөд Бүрэн эрхт гэх цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог тул хуульд оруулах боломжтой хэмээн тайлбарласан юм. Уг саналтай олбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Дипломат төлөөлөгч цол бол “Алдар” гэсэн ангилалд багтахгүй. Тэр хүмүүс улсад гавъяа байгуулаад Хөдөлмөрийн баатар зэрэг бусад цолоо авсан тохиолдолд энэ хуульд хамрагдах боломжтой хэмээв. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн М.Оюунчимэг гишүүнээс таван жилийн гавшгайч нарт нэг удаа орон сууцны дэмжлэг үзүүлэх заалт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд