Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар Парисын “Их дуулга”-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-18 13:19:30

“Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Парисын "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүлснээр Парисаас анхны түрүүгээ хүртэж, энэ тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтан болов.

Тэрбээр аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр ялжээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг 10 дугаар сард Ташкентын Гран при, Парисын “Их дуулга”-д ийнхүү дараалан түрүүлж дэлхийн чансааг жиндээ тэргүүлж байна.

Тус тэмцээний 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчдөө дараалан ялж, аваргын төлөө Украины шилдэг жүдоч Георгий Зантараятай таарч юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр дэлхийн чансаанд аман хүзүүдэж байгаа. Манай жүдоч ОУХМ Д.Алтансүх энэ жинд хүрэл медалийн эзэн болов.

Парисын "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д аваргын төлөө Д.Сумъяа, ДАШТ-ий 4 мөнгө, нэг хүрэл медальт Португалийн жүдоч Монтейро Телматай хүч үзэн мөнгөн медаль хүртлээ. Тэд эн тэнцүү барилдаж нэг, нэг торгуультай барилдааны үндсэн цагийг дуусгаж улмаар нэмэлт цагт шүүгч манай бөхийг торгосноор М.Телма "Их дуулга"-д түрүүллээ.

Харин "Их дуулга" тэмцээний 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Тэр хагас шигшээд 2013 оны дэлхийн аварга Японы Такато Наохисатой барилдаж цэвэр ялагдснаар Голландын бөх Жороентой хүрлийн төлөө барилдаж цэвэр ялж медалийн тавцанд гарч чадлаа. Энэ жинд хүч үзсэн ОУХМ Г.Хэрлэн хоёрдугаар тойрогтоо Швейцарийн Л.Чаммартинд ялагдаж тэмцээнээ дуусгав.

Парисын “Их дуулга”-д Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Японы баг 2 алт, 3 хүрэлтэй удаалж байна. Энэ хоёр багийн араас Косово, Протугаль, Словени улсын багууд тус бүр 1 алт медальтай нэхэж явна. Тэмцээн өнөөдөр дуусна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ