Боловсрол, соёл, урлагийн байгууллагууд үр дүнгийн гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Боловсрол, соёлын байгууллагуудыг төлөөлж аймгийн Засаг дарга С.Насанбат БСШУ-ны сайдтай 2017 онд хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм.
Аймгийн Засаг дарга Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх болон аймгийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан ажлын төлөвлөгөөг бүрэн хангаж хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэрээг аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай байгуулдаг. Энэ дагуу өчигдөр даваа гарагт аймгийн ЕБС, СӨББ, Соёлын байгууллагын удирдлагуудтай шинэ оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Уг гэрээг байгуулахын өмнө аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсийн дарга Д.Жаргалсайхан “2016 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүн”-г танилцуулав. Аймгийн хэмжээнд төрийн өмчийн нийт 24-н цэцэрлэг, 15 ерөнхий боловсролын сургууль, дөрвөн соёл урлагийн газар байдаг. Эдгээр байгууллагуудын удирдлагууд энэ өдөр уг гэрээг байгуулсан юм.
Аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал, “Манай салбарт 2016 онд улсын төсөв, “Орон нутгийн хөгжлийн сан”, Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн болон бусад хөрөнгө оруулалтаар нийт 1,720,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. 2017 онд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж боловсрол, соёл, урлагийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана” гэснээр энэ удаагийн үр дүнгийн гэрээ байгуулах ёслол өндөрлөв.
Б.Норовсамбуу