“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийнхан малчдад хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-01 18:17:08

Булган аймагт бичин жилийн өвөл цас их унаж, хүйтний эрч олон хоног хадгалагдаж мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаагийн дээр Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант суманд бог малын цэцэг өвчин гарч хүндхэн байна. Булган аймгийн Засаг дарга айл өрх, албан байгууллага, хамт олонд хандан “Малчин түмэндээ туслах уриалга” гаргасан юм.

Энэ уриалгад Булган сумын “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн хамт олон нэгдэж, хандивын ажлыг өрнүүлжээ. 

Багш, ажиллагсад, суралцагчдын хандив, тусламжаар ахуйн хэрэглээний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 398 ширхэг, хүнсний бараа бүтээгдэхүүн 188 ширхэг, малын тэжээл 40 шуудай буюу 1 тонн, анхны тусламжийн эм тариа, элгэвч нэмнээ 100 ширхэг, дулаан хувцас, цамц хөнжил эд зүйлс цуглуулжээ.

-Нийтдээ мөнгөн дүнгээр 1440000 төгрөгтэй дүйцэх хандив тусламж цугларсныг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал Н.Янжмаа ярилаа.

Өвөлжилтийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хаана ямар тусламж үйлчилгээ шаардлагатайг тодорхойлохоор аймгийн онцгой комиссын гишүүд цас, зудын бэрхшээлтэй байгаа суманд өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

М.Батжаргал 
 

Холбоотой мэдээ