Цагаан зээрэнд шүлхий өвчний тандалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-01 19:25:12

Сүхбаатар аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газраас цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнд тандалт хийх ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогоор шүлхий өвчний голомтын бүс нутгийн баруун талаар болон цагаан зээр үзэгдсэн цэгүүдэд тандалт хийж ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн цагаан зээрний гол байршил бол Эрдэнэцагаан, Сүхбаатар Асгат, Дарьганга сумын нутагт маш их зээр өвөлжиж байна. Мөн Халзан, Мөнххаан сумдын нутгийн цас багатай хэсгүүд гээд  ойролцоогоор 300 мянга гаруй цагаан зээр өвөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр зээрэнд тандалт хийхэд зарим зээрийн хэлний хучуур эд хуулрах, халуурах, туруу нь салах шинж тэмдгээр өвчилж байгаа ба түргэн тестээр шинжлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна.

"Ер нь цагаан зээрэнд шүлхий өвчний шинж тэмдэг маш их илэрч байна. 2010 онд шүлхий гарахад хонь, үхэр, ямаа өвчилсөн, мөн дагаад зээр өвчилсөн. Харин 2014 онд гарахад дандаа үхэр өвчилсөн. Энэ үед зээрэнд тандалт судалгаа хийхэд ямар ч өвчлөл илрээгүй. Тэгэхээр бог мал шүлхий өвчин тусахад зээр өвчлөх гол шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тиймээс цаашид дахиад ч зээрэнд тандалт хийж, улмаар устгал хийх хэрэгтэй. Гагцхүү үүнд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаад байна..." хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Х.Төмөрхуяг хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ