Төрийн албанд 28 мэргэжлээр залуусыг бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 18:53:41

Нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцож хотынхоо хөгжлийг урагшлуулах залууст Нийслэлийн Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсээс ажлын байр санал болголоо.

 НЗДТГ-аас нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт нээсэн  "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" өнөөдөр хүн ихтэй өнжлөө. Залууст  нийт 28 нээлттэй ажлын байрыг зарлажээ.

Тодруулбал  Авто замын барилгын инженер, Хотын менежментийн менежер, Хот төлөвлөлтийн эдийн засагч, BRT авто тээврийн инженер, Хотын социологич, патентчин, Дендерлогич, Сэргээгдэх эрчим хүчний инженер, санхүүч зэрэг нарийн мэргэжлийг санал болгож байна.  Дээрх ажлын байруудад өнөөдөр шөнийн 00 цаг хүртэл  "ulaanbaatar.mn" цахим хуудсанд нэвтэрч бүртгүүлэх боломжтой юм.

28 ажлын байранд тавьсан шаардлагыг хангасан иргэдийн цахим хаягаар холбогдож дараагийн шатны шалгаруулалтад урина хэмээн НЗДТГ-ын Төрийн Захиргааны Удирдлагын ахлах мэргэжилтэн Н.Долгоржав ярилаа.

 Өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар тус цахим хуудсаар 1000 гаруй ажил хайгч бүртгүүлснээс үзэхэд нийслэлд ажилгүй иргэдийн тоо их байгааг илтгэв. Бүртгүүлсэн ажил хайгчдын дийлэнх нь 37-21 насныхан юм байна.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь хоёр хэлтэй, БНСУ, Их Британи, БНХАУ, ОХУ, АНУ-ын их, дээд сургуулиудыг дүүргэсэн залуучууд эзэлж байгааг НЗДТГ Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа онцлов.

Тус нээлттэй өдөрлөгт ориолцогч иргэд ийнхүү ярьж байна.

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн Г.Цэцэгмаа: - Би дөрвөн хүүхэддээ ажлын байр хайхаар  өдөрлөгийг сонирхоод явж байна. Хүүхдүүд маань мэдээлэл технологи, эрүүл ахуй, уул уурхай, гадаад хэлний чиглэлээр дотоодын их дээд сургуулиудыг дүүргэсэн боловч мэргэжлийнх нь ажлын  олдоц муу байна. Ямар ч байсан хүүхдүүд маань анкетийг нь бөглөөд өгчихлөө. 

СХД-ийн нэгдүгээр хорооны иргэн Ж.Адъяатогтох: - Миний охин ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. Охиндоо тохирох ажлын байр байгаа эсэхийг сонирхлоо. Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын даргатай уулзаж ажилд орох өргөдөл өгсөн. Хаана хэнд хандахаа мэдэхгүй байлаа. Харин өнөөдөр дарга нартай биечлэн уулзаж мэдээлэл авах боломж бүрдсэнд талархаж байна. Залуус маань ямар ч ажлыг гололгүйгээр хийдэг болчихвол улс орон маань хурдан хөгжинө.

БГД-ийн 7-р хорооны иргэн Т.Агиймаа: - Миний бие БНХАУ-д уул уурхайн инженер мэргэжлээр 2014 онд төгссөн. Одоогоор нэгэн хувийг компанид ажилладаг. Цаашид төрийн албанд ажиллахыг хүсч байгаа учир анкет бөглөөд өгчихлөө. Ажлын байрны олдоц муу үед нийслэлээс нээлттэй ажлын байр санал болгосонд талархаж байна. 

Ийнхүү залууст тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, тэднийг ажлын байраар хангах боломж бүрдүүлсэнд иргэд сэтгэл хангалуун байлаа.

 Л.Нандинцэцэг

 Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

Холбоотой мэдээ