Хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нартай хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-08 14:28:23

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумаас 2009-2016 оны хооронд иргэдэд олгосон Сум хөгжүүлэх болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангуудын зээлийн эргэн төлөлт тааруу байгаагаас үүдэж, нийт 1 тэрбум 131.9 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байдалтай байна.

Иймд тус сумын Засаг даргын санаачлагаар “Бусаддаа боломж олгоё” 3 сарын аяныг зохион байгуулж, зээлийг татан төвлөрүүлэх, хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой 3 үе шаттай ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Тус аяныг 2017 оны 1-р сарын 16-наас ирэх 4-р сарын 15-ны хооронд зохион байгуулах юм байна. Аяны хүрээнд:

Эхний шатанд зээлийн хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нарт хугацаатай мэдэгдэх хуудас өгч, зээлийг төлж барагдуулах шаардлага тавина. Харин хоёрдугаар шатанд заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй иргэн, ААН-үүдийг Иргэний хэргийн анхан шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлахад өгнө. Мөн телевиз болон сонин хэвлэлээр зээлийн талаар ил тод мэдээлэх юм. Тэгвэл гуравдугаар шатанд ШШГА-нд албадан гүйцэтгүүлэхээр өгөх, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, арилжааны банкуудад зээлийн муу түүхийг хүргэх, харъяа албан газар байгууллагад нь мэдэгдэж, цалингаас нь суутгах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхээр болжээ.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь 2011 оноос улс орон даяар хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хэрлэн суманд 2011-2016 оны хооронд Засгийн газрын санхүүжилт 901 сая төгрөг олгогджээ. Үүнээс зээлийн эргэн төлөлт 764,9 сая төгрөг орж ирснийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд буцаан олгосон байдаг аж. Тус сангийн зээлэнд Хэрлэн суманд тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан судалгаа бий. Тодруулбал 27 удаагийн зээлийн зөвлөлийн хурлаар 130 иргэн, ААН-д 912,7 сая төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Авсан зээлээ графикт хугацаандаа төлдөг, үйл ажиллагаа нь амжилттай хэрэгжиж байгаа олон иргэн, ААН-үүд байдаг ч авсан зээлээ төлдөггүй, иргэний үүргээ биелүүлдэггүй  иргэд ААН-үүд нэлээд байгаа аж. Энэ сарын байдлаар Сум хөгжүүлэх санд 50 гаруй зээлдэгчийн 584,9 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байдалтай байгаа юм.

Мөн 2009 оноос хэрэгжиж эхэлсэн Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зээл нь нийт 560 сая төгрөгийн зээлийн санхүүжилтийг 2009-2016 оны хооронд иргэд ААН-үүдэд олгожээ. Тус санд 304 зээлдэгч байгаагаас 260 гаруй зээлдэгчийн 547 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байдалтай байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ