“ДЦС-4" хүний биед хортой тоосны нягтыг хэмжих боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-02-08 15:23:14

"ЖАЙКА” олон улсын байгууллага “ДЦС”-4 ТӨХК-ийн "Зуухны утааны яндан болон зуухнуудад анализаторуудыг суурилуулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

 Дээрх төслийг хэрэгжүүлснээр  агаарт хаягдаж буй бохирдуулагч бодисынхоо хэмжээг тасралтгүй хянах боломж “ДЦС-4" ТӨХК-д бүрдэж байна.  ЖАЙКА олон улсын байгууллага 2010 оноос  Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэний үргэлжлэл нь энэ юм.

 Тэгвэл өнөөдөр тус байгууллага 37.6 сая иенийн өртөг бүхий “ТANAKA”, “HORIBA” брэндийн гурван төрлийн анализаторыг  “ДЦС-4"-ийн яндан болон зуухнуудад суурилууллаа.  Ингэснээр “ДЦС”-4 ТӨХК-ийн зуух тус бүрээс ялгарах азотын исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгчийн хэмжээ болон зуухны яндангаас ялгарах хүний биед хортой тоосны нягтыг хэмжих боломжтой боллоо.

Ийнхүү анализаторыг суурилуулснаар агаарыг бохирдуулагч бодисын тухай мэдээллийг  цахим хэлбэрээр БОАЖЯ, НЗДТГ, ЭХЯ зэрэг байгууллагад хүргэх юм байна.

          “ДЦС-4" ТӨХК-ийн судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах ярихдаа,

"Өмнө нь энэ төрлийн хэмжилтийг бид зөөврийн төхөөрөмжөөр сард нэг удаа хэмждэг байсан. Төхөөрөмжийг суурилуулан анхны хэмжилтийг хийхэд нүүрсний чанараас хамааран агаарт хаягдаж буй хүхрийн давхар ислийн хэмжээ их байна. Тиймээс үүнд анхаарч ажиллах болно" хэмээв.

1983 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “ДЦС”-4 ТӨХК нь Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 60 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон станц юм.

Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ