Ираны эсрэг хоригийг зөрчсөн “Amazon”-ыг торгож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Америкийн онлайн худалдааны “Amazon” компанид торгууль ногдуулж магадгүй байна.
2012 оноос 2016 он хүртэлх хугацаанд Иран улсын нутаг дэвсгэрээс гадна байдаг хэдий ч Ираны Засгийн газартай холбоотой хувь хүн, байгууллагуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан талаар тус компанийн тайланд дурдсан байжээ. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь 50-2400 ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий хувцас хэрэглэл, программ хангамжийн бүтээгдэхүүнүүд байсан байна. Энэ үйлдэл нь Тегераны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэг бөгөөд тус компанид их хэмжээний торгууль ногдуулж магадгүй байгаа юм.
“Amazon” компани гүйлгээний тайлангаа АНУ-ын эрх баригчдад танилцуулсан бөгөөд шалгалтын ажиллагаанд тус хүргэх үүднээс хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
2012 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Ирантай хийх худалдаанд хязгаарлалт тогтоож, Америкийн компаниуд Тегерантай худалдаа хийсэн тохиолдолд их хэмжээний торгууль төлөх тухай тусгасан зарлигт гарын үсэг зурсан юм. Харин 2016 онд Тегераны эсрэг авсан эдийн засгийн хоригуудыг хэсэгчлэн цуцалсан байна.
“Amazon” компани бол интернетээр худалдаа эрхэлдэг дэлхийн хамгийн том компаниудын нэг бөгөөд 2016 оны байдлаар нийт орлого нь 136 тэрбум ам.доллароор хэмжигдэж байв. Тус компанийг Жефф Безос гэдэг хүн 1994 онд үүсгэн байгуулжээ.
Б.Мишээл