“Монгол тэмээ-2017” наадам зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-15 14:52:31

Дорноговь аймгийн Сайхандулаан сум энэ сарын 16-нд  “Монгол тэмээ-2017” өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр хурдан ат, хурдан тором, сайхан тэмээтэй хос шалгаруулахаас гадна тэмээн пологийн тэмцээн зохион байгуулах аж.

Тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа эхний байруудад жагсдаг тус сум тэмээн пологийн спортыг Монгол Улсад анх удаагаа үүсгэн байгуулж улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд удаа дараа тэргүүн байрт шалгарч “Тэмээн поло”-гийн улсын аварга шалгаруулах тэмцээний “Ижий говь” цомыг олонтаа хүртэж байсан амжилттай.

Тус сумаас тахиа жилийн босгон дээр нэгдүгээр багийн малчин  Б.Мягмаржав улсын аварга малчны алдрыг хүртсэн бол аймгийн сайн малчин нэг, сумын сайн малчин зургаа,  сумын алдарт уяач хоёр төрсөн байна.

Тус сумын нутагт  Манжийн хааны төмөр тэмээн сүргийг адгуулан маллаж байсан гэгддэг бөгөөд  1974-1993 оны хооронд тэмээн сүргээ өсгөж үржүүлсэн есөн тэмээчин улсын аварга малчны болзлыг хангаж байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ