Эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-16 17:40:47

ЭМЯ, ЭХЭМҮТ хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хийсэн “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрвөн удаагийн хөтөлбөр, “Эхийн эндэгдлийг бууруулах” стратегийг 2000-2010 онд, “Эх нярайн эрүүл мэнд” стратегийг 2011-2015 онд тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр стратеги, хөтөлбөр хэрэгжсэнээр эхийн эндэгдэл, 01-05 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинд харьцуулахад 4 дахин буурч, эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн байна.

ЭХЭМҮТ-ийн эмч, судлаачид үндэсний хэмжээнд эхийн эндэгдлийн  тохиолдол бүрийг итгэмжит лавлагааны аргаар гурван удаа нягтлан судалж, дүн шинжилгээ хийн, эрүүл мэндийн салбарын болон олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, бодлого боловсруулагчдыг хэрэгцээтэй, үнэн бодит мэдээллээр ханган ажиллажээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлэхдээ, Монгол Улс, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гарсан хэдий ч эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх хүүхдийн эндэгдлийн харьцаа, түвшин өндөр байна. Эхийн эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан, ялгавартай байдлыг арилгахад чиглэсэн, мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ төлөвлөхөд энэ уулзалтын үеэр гарсан санал дүгнэлтийг анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Тус уулзалтад ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, НЭМГ, АШУҮИС, ЭХЭМҮТ, олон улсын байгууллагууд, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ