Аймгийн дотоодын нийт бүтээгдхүүн 334,6 тэрбум төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-17 10:31:22

Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвгандитай уулзаж Ховд аймгийн хувьд  өнгөрч буй мичин жилийн өнгө төрх, ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилээ ямар олот амжилтаар угтаж байгаа талаар товч ярилцлаа.

-Ховдчууд таны хувьд улиран одож буй мичин жилийн хувьд ямар амжилт бүтээлтэй үдэж байна вэ?

-Монголчууд бидний хувьд түүхийн бас нэгэн хуудас эргэж, шат шатны сонгууль амжилттай зохион байгуулагдаж, эв эеийн хүчээр бүхнийг даван туулсан сайхан жил улиран одож байна.

Ховд хэмээх нэрээр овоглосон суугуул иргэд 85 мянга боллоо. Та бид 850 гаруй балчир үрсээр бүл нэмж, 350 гаруй хос өрх өсгөн сум сунгаж, төрдөө хүч, түмэндээ бүл нэмлээ. Аймгийн бүтээлч, ажилч хичээнгүй малчдын маань хүчээр мал сүрэг  2017 онд  3280.6 мянган толгойд хүрч, тариаланч ногоочид маань 20.5 мянган тонн ургац хурааж, барилгын салбарын ажиллагсад, бүтээн байгуулагчид маань 7.8  тэрбум  төгрөгийн барилга угсралтын ажил хийлээ.

-Аймгийн ИТХ-ын хурлаас ямар чухал бодлогын бичиг баримтууд гаргаад байна вэ?

-Ховд аймгийн  эдийн засаг, нийгмийн   хөгжлийн стратегийн урт хугацааны томоохон баримт  бичгүүд-аймгийн ИТХ-ын 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, Ногоон хөгжлийн хөтөлбөр /2016-2026/, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг гаргаж, эдийн засаг нийгмийн суурь асуудлуудаа хамтдаа шийдэхийг зорьж, салбарын хөгжлийн зорилтоо эрчимжүүлэн уялдуулахад чиглэгдсэн журам төслүүдийг  эхлүүлж, бүтээлч, идэвхи санаачлагатай, ажил хэрэгч  Бичин жилийг бид үдэж байна. 

Тодорхойлсон бодлого, хэрэгжүүлж буй шийдвэрүүдэд тулгуурлан хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнгээр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны жилийн эцсээр 334,6 тэрбум төгрөгт  хүрч өмнөх оноос 3 хувиар өссөн дүнтэй байна түвшингээс буураагүй үзүүлэлт юм

Орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүргийг улам боловсронгуй болгоход иргэд, хөдөлмөрчид,  ахмад буурлууд, хүүхэд залуус, бүх шатны Төлөөлөгчид Та бүхний бүтээлч хандлага, бодит санал, идэвх зүтгэл чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

-Айлчлан ирж буй Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ ямар зорилт дэвшүүлээд байна вэ?

-Айлчлан ирж буй Алтан унжлагат хэмээх Тахиа жилдээ Ховд аймгийн ИТХ иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн, иргэдийнхээ бүтээлч санаачлага идэвхтэй оролцоог дэмжин, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэн ажиллах болно.

Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн нь болж Эх сайхан Монгол орон, Төрөлх нутгийнхаа өөдлөн дэвших их үйлсэд хувь нэмэр оруулж, хичээн хөдөлмөрлөж байгаа олон ястан Ховд нутгийн зон олондоо төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ