Шүлхий өвчний дэгдэлт зогсох шинжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-20 18:26:05

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт малын шүлхий өвчний дэгдэлт нэмэгдсэн  хэвээр байна. Түмэнцогт болон Баяндэлгэр сумдад өвчний шинэ голомт илэрчээ. Түмэнцогт суманд гурван голомт илрээд байгаа бөгөөд сумын төв дээр нь гэхэд 50 гаруй үхэр өвчлөн устгалд орсон байна. Харин хамгийн сүүлд илэрсэн Баяндэлгэр суманд хоёр голомтонд 18 үхэр өвчилж, мөн бүгд устгалд оржээ.

2017 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар долоон смын 25 голомтонд  178 хот айлын 254 өрхийн 1877 үхэр, 257 хонь, 26 ямаа нийт 2160 мал өвчилж, 2023 өвчилсөн малыг устгалд  оруулаад байна. Аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

“Зарим сумдад вакцин хийсэн маланд дахин өвчний шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байна. Шүлхий өвчний шинж тэмдэг нууц үедээ явж байгаад, тухайн малд вакцин тарьсаны дараа сэдрэх явдал байдаг. Үүнтэй холбоотой” хэмээн малын их эмч М. Молорчимэг мэдээлж байна.

Сар шинийн баяраар золголтоор ирж, явах хүмүүс их байгаа. Гэхдээ аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм мөрдөгдсөн хэвээр байна. Өвчний дэгдэлт буурах хандлагагүй байгаа учир дэглэмийг бууруулахгүй гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдэгдэж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ