Малын эмч нар халдварт өвчний талаарх мэдээллийг хоцорч авч байгааг шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас жил бүр зохион байгуулдаг ХХАА салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн хамт олон, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа мал эмнэлгийн 53 аж ахуй нэгж, бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартай холбогдсон бусад төсөл хөтөлбөр, ОУ-ын донор байгууллагуудын мэргэжилтэн, мал эмнэлгийн эмийн сангийн нэгжүүдийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо.
Зөвлөлгөөнөөр мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, аймгийн ХХАА, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний салбарт хийгдэж байгаа ажил, 2017 оны зорилтын талаар салбарын удирдлага, мэргэжилтнүүд нь мэдээлэл өглөө. Энэ онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааныхаа зорилт чиглэлийг энэ удаагийн зөвлөлгөөнөөр тодорхойлж аймаг орон нутаг болон салбарын яаманд зөвлөмж хүргүүлж, тулгамдсан асуудлаа дээд шатны байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөлөө. Цаашид аймгийн ХХААГ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, аймгийн ИТХ-аар баталсан "Шинэ залуу малчид"-ыг дэмжих хөтөлбөр, "Шилмэл мал" хөтөлбөр зэргийг ойрын хугацаанд сум орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн энэ удаагийн зөвлөлгөөнөөр аймгийн Мал эмнэлгийн алба малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн мэргэжилтнүүд өөрсдөө хариуцлагтай байж, өвчин илэрсэн тохиолдолд яаралтай дуудлага өгч, холбогдох газруудад мэдээлж байхыг чухалчлан анхаарууллаа.
Түүнчлэн малын эмч нар нь мал, ан амьтан өвчилсөн, үхсэн гэсэн дуудлагыг иргэдээс хамгийн түрүүнд аваад аймаг, сум орон нутгийн Онцгой комисст мэдээлэл хүргэх үүрэгтэй. Гэтэл зарим тохиолдолд Малын эмч нар Онцгой байдлын ажилтанаас сүүлд мэдээлэл авч байна. Энэ нь эмч нар ажилдаа хариуцлагагүй хандаж буйн илрэл гэдгийг онцолсон юм.
Ингээд нийт Малын эмч нарыг ажлынхаа гол эх сурвалж болсон иргэдтэйгээ ойр ажиллаж, мэдээллийн сангаа байнга шинэчилж, аривжуулж байхыг хүслээ. Мөн эмч нар ариутгал хийхдээ сэрэмжтэй байж нэг малчин айл өрхөөс дараачийн айлд очихдоо наад зах нь гутлаа заавал ариутгаж байхыг анхааруулсан юм. Учир нь нэг айлаас нөгөө айлд очихдоо өвчний вирус тээж дамжуулах аюултай байдаг аж.
А.Бямбасүрэн