ХСҮТ-ийн хүүхдийн тасагт агаар шүүгч хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-21 18:10:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ны хамт олон нэг өдрийн цалин 3.2 сая төгрөгийг хандивласан. Энэхүү хандивын мөнгөөр гурван агаар шүүгчийг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дотоод орчны буюу гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг өөрсдөө хянах боломжтой хэмээн Б.Онон, Г.Ганчимэг нар уг аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд цугларсан 75 орчим сая төгрөгөөр Багануур, Налайх болон нийслэлийн төвийн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд агаар шүүгч хүлээлгэн өгсөн байна. Цаашид 84 ширхэг агаар шүүгчийг шаардлагатай эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө аяныг санаачлагч Б.Онон хэллээ.

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаар оруулах, агаар цэвэршүүлэгч шүүгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлоо хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа ачаалал нь хэтэрсэн хүүхдийн эмнэлэгт , төрөх тасгуудад сайн дурын хандивын аянаар агаар цэвэршүүлэгч өгч байгаад “Бяцхан агаар” аяныг зохион байгуулагчдад ХСҮТ-ийн хамт олон талархал илэрхийлэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ