Д.Тэрбишдагва: Бид мөнхийн тусламж авдаг орон байж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-22 14:32:49

Улаанбаатар/МОНЦАМЭ/. УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо дөрвөн хууль, 13 тогтоол баталж, Олон улсын дөрвөн гэрээ, хэлэлцээрийн төсөл зөвшилцсөн байна.

Энэ талаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагва мэдээлэв. Байнгын хороо чуулганы хугацаанд 32 удаа хурадаж давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцжээ. Улс орны эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлийг баталсан нь байнгын хорооны гол ажил байсан гэдгийг мэдээлэлдээ дурьдав.

Тэрбээр, “Байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд яам, газруудаас ирүүлэх тайлан, мэдээ, мэдээллийн нэгдсэн хуваарийг батлан хүргүүлсэн. Энэ дагуу Монголбанк, ЗТХЯ, УУХҮЯ зэрэг байгууллагуудаас 13 удаа мэдээлэл авсан байна. Мэдээлэлд тулгуурлан салбар бүрийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газарт 10 чиглэл өгсөн. Чуулганы завсарлагааны хугацаанд байнгын хорооны гишүүд  Монголбанк болон томоохон уул уурхай, дэд бүтцийн чиглэлийн аж ахуй нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа” гэв.

-Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн хэлэлцээрийн дагуу найман төрлийн татвар нэмнэ. Татвар нэмэгдэхээр иргэдийн амьдрал хүндэрнэ. Татвар нэмэхгүйгээр зохицуулах боломж байгаагүй юу?

-Өнөөдөр Засгийн газар хуралдаж Төсвийн тодотгол хийх эсэхийг шийдэх байх. Төсвийн тодотгол хийх бол УИХ ээлжит бусаар хуралдана. Энэ үед бүх асуудал тодорхой болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ европын 16 оронд 14 тэрбум ам.долларын тусламж олгосон. Үүнээс хамгийн ихийг Грек, хамгийн багыг нь ХБНГУ авсан байдаг. Тухайн үед Герман зөв бодлого хэрэгжүүлний дүнд 20 жил орчмын дараа Еюропын тэргүүлэх орнуудын нэг болсон. Гэтэл Грек одоог хүртэл авсаар л байна. Эндээс тусламжийг үр ашигтай зөв ашиглах нь чухал гэдгийг харж болно. Монгол гурван сая иргэнтэй, 60 сая малтай, баялаг ихтэй орон. Тиймээс бид мөнхийн тусламж авдаг орон байж болохгүй. Энэ удаагийн тусламж сүүлийнх нь байгаасай гэж хүсч байна.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед татвар нэмэх нь аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлөх бол?

-ОУВС Монгол Улсын эдийн засаг санхүүд дүгнэлт өгөөд гаргасан тооцооллын дагуу татвар нэмэх асуудал яригдаж байгаа. Үүнийг биелүүлж байж бид ОУВС-гаас хөрөнгө татах боломжтой болно. Тиймээс зөвхөн төр бус хувийн аж ахуйн нэгжүүдэд ч хүндрэл ирнэ. Монгол эдийн засаг өсөлттэй байхдаа иргэн, аж ахуйн нэгжээ дэмжиж байсан. Одоо бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ