Улаангомд хар зам дагуух 3-5 м зузаан мөсийг тэслэх гэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. 2017 он гарсаар Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд хөрсний ус ил гарч, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс их хэмжээний ус давхарлан хөлдөж, улмаар мөсний зузаан 3-5 метрт хүрээд байна.
Үүний улмаас Улаангом-Боршоо чиглэлийн олон улсын автозам усанд автах, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага усанд автах нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” компани, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас удаа дараа ажлын хэсгүүд гарч далан хаах, сэргээн засварлах, усны голдиролыг өөрчлөх зэрэг ажлыг хийсэн ч нөхцөл байдал улам хүндэрчээ. Иймээс аймгийн ОБГ-аас Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу өнөөдөр Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангиас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж газар дээр нь ажиллаж байна. Тэд арав гаруй газар цоолж тэсэлгээ хийх бэлтгэл ажлыг яг одоо хангаж байна. Тэдэнтэй хамт аймгийн ОБГ, “АЗЗА” компаниас ажлын хэсэг гараад байгаа бол аймгийн Цагдаагийн газраас аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
“Хар замын ирмэг дээр далан босгосон бөгөөд хар замаас дээшээ 2 м өндөр мөс хөлдөөд байна. Одоогоор олон улсын чиглэлийн замыг түр хааж, тэсэлгээний ажлыг хурдан шуурхай зохион байгуулж байна” хэмээн аймгийн ОБГ-ын орлогч дарга Д.Өлзийт манайд мэдээллээ.
Тэсэлгээ хийсний дараа гарсан мөсийг ачиж зайлуулах, доогуур нь урсаж байгаа усны голдирлыг өөрчлөх ажлыг мөн ойрын хугацаанд хийх аж.
Б.Батхүү