Сар шинийн баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-24 14:48:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Уг зөвлөмжид, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх, архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх, хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах, гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх зэргийг тусгажээ.

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа    үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай     газрыг сонгон үйлчлүүлэх, хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших, хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх. бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх, жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх, ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга саваар уухыг цээрлэх, хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандахыг зөвлөлөө.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ