Хойд туйлыг 500 тэрбум доллараар “дахин хөлдөөнө”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-24 15:25:58

ВАШИНГТОН. /Futurism/. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эрдэмтэн судлаачдын багт 500 тэрбум ам.доллар хэрэгтэй байна.

Эл өөрчлөлтийн улмаас Хойд туйлд агаарын температур нэмэгдэж, мөс хайлсаар байна. Эрдэмтэд мөсөн дорх усыг сорж гадаргуу дээр гаргах зорилгоор салхины эрчим хүчээр ажилладаг 10 сая ширхэг насос барихаар төлөвлөжээ. Онолоор бол мөсний гадаргуу дээр шахаж гаргасан ус хөлдсөнөөр мөсний зузаан нэмэгдэх боломжтой аж.

Эрдэмтдийн баг салхины эрчим хүчээр ажилладаг насосуудыг Арктикийн нийт талбайн 10 хувьд нь байрлуулахаар төлөвлөжээ. Үүнийг 10 жилийн хугацаанд барих бөгөөд 100 сая тонн ган хэрэгтэй болно. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл эрдэмтэд Хойд туйлыг 15 жилийн өмнөх байдалд нь эргэн оруулж чадах юм.

Арктикийн хямрал

Хойд туйлын хямрал буюу мөс хайлах үйл явцыг шийдвэрлэх шинэлэг аргуудыг олохоор эрдэмтэн судлаачид ажилласаар байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2015 онд байгуулсан Парисын гэрээ нь дэлхийн дулаарлыг сааруулахад төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Энэ мэт гэрээ нь зөвхөн чулуужсан түлш буюу түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад чиглэсэн учраас өөр бодитой бөгөөд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай.

Эрдэмтдийн дэвшүүлж буй санал чухал хэдий ч Хойд туйлыг дахин хөлдөөх нь боломжтой эсэхэд хүмүүс эргэлзэж байна.

“Дэлхийн дулаарал нь агаар мандал дахь нүүрсхүчлийн агууламж нэмэгдсэний улмаас болж байгаа тул Хойд туйлын мөсийг нөхөх байдлаар энэ асуудал шийдэгдэхгүй. Үүнээс гадна доод өргөргийн халуун агаар нь далай болон агаарын урсгалаар дамжин Хойд туйлд хүрдэг тул туйлыг дахин хөлдөөх ажилд саад болно” гэж АНУ-ын Цас ба мөсний талаарх мэдээллийн Үндэсний төвийн ахлах шинжээч Жулиен Стрөв ярьж байна.

Дээрх төлөвлөгөө Арктикийн хямралыг шийдэж чадах үгүйгээс үл хамааран энэ асуудлыг шийдвэрлэх аргыг яаралтай олох хэрэгтэй байна. Хэрэв бид дэлхийн нүүрсхүчлийн ялгаруулалтын асуудлыг шийдэж чадалгүйгээр Хойд туйлын мөс хайлахыг харсаар суух юм бол 2030 он гэхэд Хойд мөсөн далай зундаа мөсгүй болно.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ