Хөдөлмөрийн баатруудын нутгаас аварга малчин төрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-24 16:16:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн өмнөд хилийн манаа болсон Хатанбулаг сум энэ жил улсын аварга малчинтай боллоо.

Тус сумын Агаруут багийн малчин Чулуугийн Батхүрэл 16 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр улсын аварга малчны болзлыг хангаж сум аймгийнхаа малчдыг магнайлсан байна.

Түүнийг 2001 онд гэр бүл болж өрх тусгаарлахад эцэг Маамын Чулуу 150 толгой мал  өвлүүлж өгсөн аж.

Мал маллаж,  өрхийн аж ахуйн үйлдвэрлэлээ өсгөж, цагаан идээ, бүтээгдэхүүнээ борлуулж, цаг наргүй ажилласаар эцгийн үлдээсэн өвийг өсгөж 2011 онд сумын сайн малчин болсон бол  хэдхэн жилийн дараа мал сүргээ мянган толгойд хүргэжээ.

Залуу малчин Ч.Батхүрэл  нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөдөөгийн малчдад туслах, малжуулах ажилд идэвхтэй оролцсоноос гадна  нутгийнхаа шүтээн Хутаг Уул хайрханыг сүүлийн хоёр жил тахьсан байна.

Тэрээр мал маллах арга ухааныг  хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт нүүдлийн ёс заншлаа хадгалж үлдэхэд өөрийн хөдөлмөр, зүтгэлээ  зориулж явна.

Алдарт сулинхээрийн  хязгаар, Ардын зураач Л.Гаваа, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нутаг Хатанбулаг сумаас Монгол Улсын /БНМАУ/-ын хөдөлмөрийн баатар тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж, “Алтан ишигний эзэн”,  улсын сайн малчин, хоёр мянгат малчин Ш.Чинбат зэрэг нэр алдраа дуудуулсан хөдөлмөр бүтэээлийн эзэд олноор төрөн гарсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ