Шинэ хөдөө хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-09 22:09:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 14.162 малчин өрхөд 40.580 хүн ам, харин малаа маллаж байгаа малчин хүн 22 мянга орчим байна.

Тэдгээрийг насны байдлаар нь авч үзвэл талаас илүү хувь нь 35-59 насныхан байгаа бөгөөд нийт малчдын 10.286 нь эмэгтэй.  Малчдын нас хүйсний харьцааг дээрх статисик мэдээнд тулгуурлан авч үзвэл аль аль талдаа зохистой үзүүлэлт харагдаж байгаа ч амьдрал дээр малчдын шинэ залуу үе  мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой ажиллах хүсэл сонирхол бага байгааг албаныхан онцолж байна. Тиймээс Баянхонгор аймгийн удирдлагууд малаасаа өмнө малчдаа анхаарч тэднийхээ нийгмийн асуудлыг шийдэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжүүлэх зорилт тавьжээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ хөдөө” хөтөлбөр энэ асуудлын нэг шийдэл нь болно гэж албаныхан үзэж байна. Малчдынхаа нийгэм ахуйн асуудлыг шийдвэрлэх, хөдөөг хот суурингаас илүү соёлт ертөнц болгоход энэ хөтөлбөрийн ерөнхий үзэл санаа чиглэгдэх аж. Худаг усаа түшиглэн халуун ус, үсчин, гоо сайхан зэрэг ахуйн үйлчилгээний байнгын болон явуулын үйлчилгээг нэвтрүүлж, орчин үеийн болоод уламжлалт урлаг соёлын бүхий л үйлчилгээг тодорхой графикийн дагуу малчиддаа хүргэж, тэдний чөлөөт цагийг хамтдаа хөгжих, нийгэмших тал руу нь хөтлөх гэнэ. Мөн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах асуудлыг багийн түвшинд давтамжтайгаар хэрэгжүүлэх, цэцэрлэгийн нүүдлийн бүлгүүдийг шаардлагатай цаг үеүдэд малчны хотонд 24 цагаар ажиллуулах зэрэг зорилтуудыг хөтөлбөрт тусган хэрэгжүүлах юм байна.

Үүнээс гадна “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн хүрээнд шинэ залуу малчин өрхүүдийг малжуулах төсөлд хамруулж малын тоо толгойг нь нэмэгдүүлэх, тэдэнд өвөлжөө, хаваржаа олгох асуудлыг өвлүүлэх болон шинээр газар олгох, хашаа хороо шинээр барих сэргээн засварлахад нь санхүү, эд материал, хүн хүчний туслалцаа үзүүлэх замаар шийдвэрлэх, ахмад малчдын баялаг туршлагаас суралцуулах, санхүү зээлийн уян хатан бодлогоор дэмжих, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний үр хүүхдийг цэцэрлэг сургуульд хамруулах зэрэг цогц асуудлуудыг шийдвэрлэхээр тусгахаар болжээ.

                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ