Канадын морьт цагдаагийн төлөөлөгчид туршлага солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-10 11:12:10

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газрын төлөөлөгчид 2017 оны гуравдугаар сарын 06-07-ны өдрүүдэд Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газарт айлчлан ажил хэргийн хэд хэдэн уулзалт, сургалт зохион байгуулсан байна.

 Монгол улсын цагдаагийн алба хаагчдадзориулсан  “Гэмт хэрэг мөрдөн шалгах ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт  сургалтанд Хууль сахиулахын их сургуулийн  багш нарын  төлөөллийг урилгаар хамруулж,  Канад улсаас Тайланд Улсад суугаа Элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн газрын ажилтан Рэймонд Порте Канадын  цагдаагийн байгууллагын тэргүүн туршлагаас хуваалцжээ. Мөн  сургалтад оролцсон алба хаагчдад сертификат  гардуулах ёслолд  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцсон байна.  Канад улсын Хатан хааны Морьт цагдаагийн газрын төлөөлөгчид шинээр үүсгэн байгуулагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулан газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн удирдлага, алба хаагчидтай уулзан үйл ажиллагаатай нь танилцаж, гэр бүлийн болон хүйсийн тэгш бус байдалд  суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Канадын цагдаагийн байгууллагын  туршлагаас хуваалцаж санал солилцсон гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ