Мобайл технологи эрүүл мэндийн салбарт үр дүнгээ өгч буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-10 14:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурь тавьж өгснийг өнөөдөр ЭМЯ-нд болсон  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалтын үеэр онцлов.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Монгол Улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж өглөө. Бид эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан батлуулсан. Энэ нь “Мянганы хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д хүрэх үндсэн баримт бичиг болж байгаа. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд мобайл технологийн төсөл чухал ач холбогдолтой” гэдгийг хэлэв.

Мобайл технологийн төслийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, алслагдсан 7, 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдад амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид олон нийтийн түвшинд өргөжүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн Гэрэлт Манал, Чингэлтэй дүүргийн Угтах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэхээр болсон байна.

Одоогоор уг төслийн хүрээнд 13000 гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамарчээ.

Мөн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ