"Мөнх Тэнгэр" ТББ монгол иргэддээ хүрч ажилладаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОХУ-ын Москва хотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнх Тэнгэр” ТББ буюу Монгол ахан дүүсийн холбоо үүсгэн байгуулагдаад 10 гаруй жилийг үджээ. ОХУ-ын Хууль зүйн яамнаас үйл ажиллагаа явуулах бүрэн эрхээ авсан улсын бүртгэлийн гэрчилгээтэй албан ёсны энэхүү байгууллагын гол зорилго Монгол улсын соёл, спорт, түүх уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж буй аж.
Тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, оюутан залууст бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж, төрөл бүрийн үрлаг, спортын арга хэмжээ зохион байгуулдаг “Мөнх Тэнгэр” ТББ ОХУ дахь Элчин сайдын яам, Консулын хэлтэстэй нягт холбоотой ажилладаг.
“Мөнх Тэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан “Өнгөрсөн хугацаанд манай байгууллага “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний бага хурал, “Ухаанаа уралдуулцгаая” уран илтгэлийн тэмцээн, “Үндэсний бөхийн барилдаан”, “Дэвжээ”, “Бид Монголын бахархал” зэрэг урлаг спортын арга хэмжээг оюутан залуусын дунд зохион байгуулж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд хувь нэмэр оруулж байна.
Энэ жил ч мөн адил хэд хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн түүний нэг нь дөрвөн жилд нэг удаа болдог “Универсиад” Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм. Уг тэмцээнийг энэ хавар Москва хотноо зохион байгуулахаар манай хамт олон бэлтгэл ажилдаа орсон” гэв.
Москва хот бол Монголчууд ихээр зорчдог Ази Европыг холбосон томоохон транзит бүс билээ. “Мөнх Тэнгэр” ТББ оюутан, залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хүний нутагт асуудалтай тулгарсан монгол иргэддээ ч хүрч ажилладаг аж. Тухайлбал 2016 онд 200 гаруй монгол иргэнийг өөрийн мэдэлд ашигладаг жижиг байрандаа хөнгөлөлттэй үнээр зарим тохиолдолд үнэ төлбөргүй байрлуулж, хууль зүйн зөвлөгөө өгч, аян замын хүндрэл бэрхшээлийг давахад нь дэмжлэг үзүүлэн унаа хөсгөөр ханган үйлчилсэн байна.
Москва хот.Л.Нандинцэцэг