Хэнтий аймгийн шүүх сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-12 21:40:12

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам, шүүгчийн туслах Г.Мөнхномин, жолооч Д.Бямбаахүү нарын бүрэлдэхүүнтэй баг тус аймгийн Батноров, Норовлин, Дадал сумдад нүүдэллэн ажиллав.

Тэд гаргасан ажлын удирдамжийнхаа дагуу иргэдтэй уулзалт зохион байгуулж, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд, тэдгээр шүүхийн үйл ажиллагаа, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын талаарх мэдээллийг танилцуулсан байна. 

Уулзалтын үеэр иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, иргэний 6 хэрэгт хуульд заасан ажиллагааг хийж, шинээр 25 хэргийг хүлээн авч, 25 хэргийг шийдвэрлэжээ.

Хөдөө орон нутагт цас зуд ихтэй, цаг агаарын хүндрэлтэй үед шүүх ийнхүү нүүдлээр ажилласан нь иргэдэд хүрсэн, цаг үеэ олсон ажил байсныг сумдын хөдөлмөрчид онцолжээ.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ