Хүүхэд харах төвүүдэд хяналт тавьж ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй 10 төв ажиллаж байна. Эдгээрийн нэгээс бусад нь Чойбалсан хотод ажилладаг. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Мэргэжлийн хяналтын газартай хамтран дээрх төвүүдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажилласнаар өмнө илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж чаджээ.
"Хүүхэд харах төвүүдийн хувьд “Хүүхэд хамгаалах бодлого”-ын хэрэгжилт зарим газарт хангалтгүй байсныг засч сайжруулснаар үйл ажиллагаа нь жигдэрсэн. Сар бүр төдийгүй зарим үед мэргэжлийн байгийн хамтарсан нэгдсэн хяналтыг тавьж ажиллаж байна" гэж гэж тус газрын Хүүхэд хөгжил хамгааллын албаны мэргэжилтэн Д.Баасанжав ярив. Энэ хугацаанд гэрчилгээ гардсан хүүхэд харагч нарт хүүхдийн хоолны чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, хоолны карт хөтлөх болон бага насны хүүхдийг түлэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх сэдвээр давтан сургалтыг үе шаттай явуулж иржээ.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд Хүүхэд харах 10 төвд 23 хүүхэд харагч ажиллаж байна.
Б.Туяа