“Бордоо” төсөл улсын төсөвт 34.3 сая төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-16 01:14:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тус аймаг дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн “Бордоо” төслийг дахин танилцуулж хэлэлцүүлэв.

Өмнө нь хуралдсан Тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд төслийг агуулгын хувьд дэмжиж санхүүгийн зарцуулалт, төлөвлөлтийг дахин хянаж шинэчлэн найруулах үүрэг өгсөн юм. Тиймээс энэ удаагийн хуралд төслийн хүрээнд хийгдэх бүтээгдэхүүний зах зээл дэхь борлуулалтын урьдчилсан төлөвлөгөөг дахин боловсруулж танилцууллаа. 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоо үйлдвэрлэж тариалан эрхлэгчдэд нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулж био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай гэж үзээд тус УГТЭШХ-гийн “Био ундарга” гарааны компани “Бордоо” төслийг хэрэгжүүлэх санаачлага гаргажээ. 

Хөдөө аж ахуйн үндсэн тарималд дасан зохицсон био шингэн бордоо үйлдвэрлэхийн тулд жилд 80 сая төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. Уг төсөл хэрэгжсэнээр: Бүс нутгийн хөрсний онцлогт дассан зохицсон ашигтай бактерийн нутгийн идэвхтэй бичил биетний нийлмэл сантай болж био шингэн бордоо үйлдвэрлэх бага оврын үйлдвэр байгуулагдаж бордооны шинж чанарыг үнэлэх стандарттай болно. Тус аймгийн хэмжээнд тариалалт хийх нийт талбайн 17.5-58.9 хувь буюу 6000-20 мянган га-д био шингэн бордоог хэрэглэх боломж бүрдэж органик бордооны нэр төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж төслийн санаачлагчид үзэж байна. Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймгийн агроэкологийн эмзэг нөхцөлд биологийн гаралтай бордоо үйлдвэрлэж тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах үүднээс орон нутгийн төсөв санхүүгийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Төслийн санхүүжилтийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлж улсын төсөвт нийт 34.3 сая төгрөгийн татварыг төвлөрүүлэхээр тооцжээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ