Барилгын чанарын хяналтад тавих хамтын ажиллагаагаа сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-16 21:59:08

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас техникийн нөхцөл олголт, барилгын ажлын явцын хяналтыг сайжруулж, үр дүнтэй болгох зорилгоор “Чанарын хяналт-Хамтын ажиллагаа” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн ирэх гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд улсын хяналт хэрэгжүүлэгч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч, инженерийн шугам сүлжээ эрхлэгч байгууллагууд буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст гишүүнээр оролцдог байгууллагуудын улсын байцаагч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг оролцуулсан уулзалт зөвлөлгөөнийг ийнхүү зохион байгуулсан нь энэ юм. 

 Уулзалт хэлэлцүүлгээр инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл олголт, олгосон техникийн нөхцлийн хэрэгжилтэд тавих хяналт, инженерийн шугам сүлжээний зураглал хөтлөлт явуулах, мэдээллийн сан үүсгэх, барилга байгууламжийг ашиглалтад оруулахад анхаарах асуудал, Хэнтий аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-д дэвшүүлэх санал гэсэн сэдвээр ярилцаж, харилцан санал солилцжээ.

Хэлэлцүүлгээс инженерийн шугам сүлжээний техникийн нөхцлийг хүчин чадлын тооцооны үндсэн дээр олгодог байх, инженерийн шугам сүлжээнүүдийн зураглалыг тухай бүр үйлдэж мэдээллийн санд оруулах талаар ажил зохион байгуулах, барилгын ажлын үе шат бүрт ажил далдлагдахаас өмнө хамтарсан үзлэг шалгалт хийж, дараагийн үе шатны ажил эхлэх зөвшөөрлийг өгч байх, барилгын зураг төслийн зохиогчийн хяналтыг сайжруулах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа болон баталгаат хугацаанд гарсан чанарын доголдлыг арилгахгүй байгаа гүйцэтгэгч ААН-үүдэд хууль тогтоомжийн дагуу авах ёстой торгууль ногдуулах, тендерт орох эрхийг хязгаарлах, тусгай зөвшөөрөл цуцлуулах арга хэмжээнүүдийг хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлж байх зэрэг шийдвэрийг гаргалаа.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ