Хаягдал цаасаар авто замын хучилтын хольц бүтээгдэхүүн хийснээ танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар/МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам ХБНГУ-ын дэмжлэгээр тав дахь жилдээ Олон улсын авто замын “ROAD EXPO 2017” үзэсгэлэнг “Корпорэйт Конвешн центр”-т энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг үзэсгэлэн нь олон улсад нэвтэрч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтооход чиглэсэн юм.
Үзэсгэлэнгээр Олон улсын байгууллагууд авто замын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан бөгөөд авто зам барилга, зураг төслийн компаниудтай санал солилцлоо.
“Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгосон. Үүнтэй холбоотой авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлов.
Тус үзэсгэлэнг Зам тээврийн хөгжлийн яамнаас гадна Монголын авто замчдын холбоо, МҮХАҮТ болон Герман, Хятад, Казахстан, АНУ, Япон, ОХУ зэрэг улс хамтран зохион байгуулсан бөгөөд ХБНГУ энэ удаад бүрэн дэмжиж буйгаараа онцлогтой.
Олон улсын энэ үзэсгэлэнд гадаад, дотоодын 22 компани, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Тодруулбал манай талаас гадны төлөөлөгчдөд автозамын талаар танилцуулга хийсэн юм. Манай улсад замыг уснаас хамгаалах байгууламжгүйгээс үүдэн зам эвдэрдэг. Тиймээс ус зайлуулах далангүйгээр зам барина гэсэн ойлголт байхгүй. Монголын зам зундаа борооны усанд, өвөлдөө цасны шавхайнд идэгддэг. Тиймээс Германы давс цацах технологиос эхлээд суралцах зүйл их байна. Мөн германчууд цөөн хүний хүчээр дэвшилтэт технологи ашиглаж байгаа туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн “ROAD EXPO 2017” үзэсгэлэнд оролцогсод тодотголоо.
Японы “Коёо корпорэйшн” компани хаягдал материал ашиглан авто замын, даацын хучилт хийсэн нь сонирхол ихэд татаж байв.
Бүтээлийнхээ талаар тус компанийн захирал Яамата Такаши, “Япон улсын технологиор үйлдвэрлэсэн цэвэр 100 хувийн байгалийн гаралтай хүний бие болон байгальд ямар ч хор нөлөөгүй авто замын хучилтын хольц бүтээгдэхүүн юм. Жишээ нь хольцийг хаягдал цаас, элс хайрга, кофены шаар, модны үртэс зэрэг тухайн орон нутагт хийж болох ямар материал байна түүгээр хийх боломжтой. Мөн авто замын эвдрэлийг хамгийн ихээр үүсгэдэг уснаас хамгаалах, ус нэвчихгүй гэдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүн нь хасах 40 хэмд тэсвэртэй бөгөөд 10 жилийн эдэлгээтэй. Эвдэрсэн тохиолдолд буцаан нөхөх боломжтойгоос гадна одоо байгаа авто замын төсвөөс 20-30 хувийн хямд өртөгтэй. Түүнчлэн бид туршилтаар загасны аквариум хийсэн. Эл аквариум загасанд ямар нэг сөрөг нөлөө өгөөгүй” хэмээн ярилаа.
Дээрх бүтээлээс гадна японы нарны зайгаар ажилладаг авто замын гэрэлтүүлгийг хүмүүс сонирхож байв. Нэмэх 40-өөс хасах 40 хэмийг даах чадвартай эл гэрэлтүүлэг дөрвөн цаг цэнэглэхэд гурван өдөр ажилладаг байна. Нарны зай нь 25 жилийн баталгаатай бол гэрэл10 жил ашиглахаас гадна өдрийн цагаар автоматаар унтарч, шөнө автоматаар асах тохируулгатай аж.
Мөн үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд ярихдаа, “Жилээс жилд энэ үзэсгэлэн улам чанаржиж байна. Жишээлбэл энэ удаагийн үзэсгэлэнд таван орны төлөөлөгчид оролцов. Дэлхийд техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэх орнуудын компаниудаас ихийг сурч, арвин туршлага хуримтлуулахад “ROAD EXPO 2017” үзэсгэлэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал Германы төлөөлөгчид манай улсад ус зайлуулах байгууламж байхгүй байгааг шүүмжилж байна. Тэд ус зайлуулах шугам хөдөө орон нутгийн замд байгаа хэрнээ хотын замд хийгээгүйг гайхаж байсан. Үнэндээ орон нутгийн замд инженер техникийн нарийн ажил шаардалгүй шуудуу, гүүр, хоолойгоор ус зайлуулах асуудлыг шийдэж болдог. Харин хотод төсөв их ордог” гэлээ.
Р. Хишигжаргал