“Нарны алхалт"-д настнууд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:37:13

"Эрүүл агаар- идэвхтэй хөдөлгөөн” уриан дор Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ахмадууд “Нарны алхалт” нэртэй ажлыг зохион байгууллаа.

Намрын шар нар холдож буй саяхны өдөр тэд сумынхаа ахмадын өргөөнөөс гараагаа эхэлж Баянцагаан- Хүүхэд залуучуудын талбай хүртлэх 2 км замыг явганаар туулав. Настнууд энэ өглөөний нарнаас хүч энерги авч, дасгал хөдөлгөөн хийж нарандаа залбиран, өглөөний цайгаа хамтдаа ууж нэгэн өглөөг сэтгэл тэнэгэр сайхан угтсан байна.

Мөн “Настны хөдөлгөөн, хооллолт” сэдвээр тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Нийтдээ 50 шахам ахмад настан, төсвийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл оролцсон энэ ажлын үеэр ахмадуудын биеийн жингийн индексийг тодорхойлон гарын авлага санамжийг тараан, ахмадуудыг витаминжуулж, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад нөхөн сэргээх эмчилгээ хийв.

Б.Туяа

Холбоотой мэдээ