Ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд ном солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-29 14:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт төв талбайд зохион байгуулж  буй.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг ирэх сарын 1-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулалтыг улам сайжруулах үүднээс залуучуудын оролцоог нэмэгдүүлсний зэрэгцээ өдөрлөгт ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг бэлтгэсэн байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ