Дорнод-Манжуурын чиглэлд том оврын автобус үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. “Тал нутгийн Хэрлэн” ХХК энэ сарын 27-ны өдрөөс Дорнод-Манжуурын чиглэлд жуулчны автобусаа явуулж эхэллээ.
Долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаригуудын 10.00 цагт “Тал нутгийн Хэрлэн” ХХК Чойбалсангаас Манжуур, Мягмар, Пүрэв гаригийн 11.00 цагт Манжуураас Чойбалсан руу тус хотын “Хун-Ён” компани зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм. Гэхдээ одоогоор “Хун-Ён” компани тээвэрлэлтээ албан ёсоор эхлээгүй байна. Энэ талаар тодруулахад “Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхийн тулд техник хэрэгсэл, жолоочийн ур чадвар, эрүүл мэнд гэхчлэн маш олон шат дамжлага, хяналт шалгалтаар орсны дараа тээвэрлэлт эхэлнэ” гэв. Алтан-Эмээлээс Манжуур луу саадгүй зорчих, хоолны эрүүл ахуй, зорчигчдыг хоёр улсын хамгийн сайн даатгалын компанид хамруулах зэрэг асуудлыг шийдсэний дараа Хятадын талаас тээвэрлэлт эхэлнэ. Энэ хэрээр иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна.
Үнэ тарифын хувьд нэг талдаа 44.000 төгрөг төлж зорчино. Үнийн хувьд өндөр мэт боловч Дорнодоос Истана машинаар Алтан-Эмээл хүрэхдээ бид 25-35 мянган төгрөг, Алтан-Эмээлээс Манжуур хот руу нэг хүний 50 юань төлж таксиддаг гэж үзвэл маршрутын автобусанд сууснаар тохитой, аюул ослын эрсдэлгүй зорчино гэсэн үг. “Тал нутгийн Хэрлэн” ХХК-иас үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа нэг үйлчилгээ бол Манжуур хотод очсоны дараа “Интернационал” буудлын 30, 40, 50 юанын өрөөнөөс сонголтоо хийн тухалж, буудлын доод давхарт байрлах саун массаж, усан бассейн, олон төрлийн рашаанаар нэг удаа үнэгүй үйлчлүүлэх боломжийг олгож байна. Хятад талын тээвэрлэгч “Хун-Ён” компанийн хувьд 10 гаруй жил аялал жуулчлал, тээвэрлэлтийн бизнес эрхэлж байгаа, Манжуур хот доторх болон ОХУ-руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг, жолооны томоохон сургуультай зэрэг энэ салбартаа тэргүүлэгч байр суурьтай явж ирсэн компани гэдгийг хоёр талын уулзалт хэлэлцээрийн үеэр тодотгож байлаа. Монгол Улс, БНХАУ-ын Зам тээврийн салбарын төлөөлөгчдийн 30-аад удаагийн уулзалт хэлэлцээрийн дүнд ийнхүү улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ эхэлж байгаа нь энэ юм. ӨМӨЗО-ны Зам тээврийн газраас Дорнод-Манжуурын чиглэлд Монгол Улсын нэг ААН-тэй хамтран ажиллах боломжтой гэж үзсэнээр “Тал нутгийн Хэрлэн” ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулжээ. Ийн орон нутгийн компани шаардлагад тэнцэж, улс хоорондын тогтмол тээвэр хийж байгаа нь жуулчдын тоо, ажлын байр нэмэгдэх, аюул осолгүй зорчих гээд орон нутагт олон давуу талыг авчирч байгаа юм.
Цаашид Улаанбаатараас Дорнодоор дамжин Алтан-Эмээл, Манжуурыг зорьдог аялагчдыг аймагтаа түр буудаллуулж, орон нутгийн компани өөрөө улс хоорондын тээврийг бүрэн хариуцдаг зохицуулалтыг хийж чадвал аймаг, орон нутагт маань тэр хэрээр мөнгөний урсгал бий болох юм. Түүнчлэн Хятадын гүний хотуудын иргэд Монгол ахуй соёлтой танилцах сонирхол нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг Өвөрмонголчууд соргог мэдэрч, хэдүйн энэ чиглэлээр аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх болжээ.
Б.Туяа