Я.Төмөрбаатар: МУИС 2017-2018 оны хичээлийн жилд суурь хураамж авахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-03-30 18:42:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС нь манай улсын дээд боловсролын салбарын анхдагч эрдмийн уурхай. Эрдмийн уурхайн удирдлагыг сонгууль болмогц л солиод байдаг. Энэ нь  тухайн сургуулийн сургалтын чанар, хэтийн  бодлого, төлөвлөлтөд хэр нөлөөлдөг юм бол.

БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр доктор Я.Төмөрбаатар томилогдоод буй. Түүнтэй уулзаж, хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар дараах асуултад хариулт авав.

-Та МУИС-ийн захирлаар томилогдоод удаагүй байна. Тан мөрийн хөтөлбөртөө ямар ажил хийхээр тусгав?

- Энэ ажлыг аваад долоо хонож байна. Энэ хугацаанд 5 бүрэлдэхүүн сургууль, 34 танхим, хичээлийн байр, оюутны байруудын үйл ажиллагаатай танилцлаа. Нийт бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд, багш нар, Оюутны холбооны төлөөлөл, Багш нарын холбооны төлөөлөлтэй уулзахад нэлээд асуудал хуримтлагджээ. Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж буй МУИС-ийн бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар багш нарын санал бодлыг сонслоо. МУИС мэргэжлээр оюутан сургахаа больж, тодорхой хөтөлбөрөөр оюутан сургаж байгаа. 2013 онд бүтцийн өөрчлөлт хийж, 2016 онд стратеги төлөвлөгөө боловсруулсан. Ингэснээр 10 гаруй сургуультай байсан бол одоо 5 бүрэлдэхүүн сургууль, орон нутагт салбар хоёр  сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиуд либерал арт буюу чөлөөт сонголтоор оюутнууд суралцах, багшийг сонгож суралцдаг чиглэлд шилжсэн. Энэ нь МУИС-ийн практикт буухдаа ямар алдаа оноо гарсныг дүн шинжилгээ хийх шаардлага бидэнд тулгарч байна. Зарим багш нар үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж байгаа бол зарим нь эргэж харах хэрэгтэй гэсэн санал хэлж байгаа. Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах гол үзэл баримтлалд тодорхой зүйл туссан. МУИС төрийн өмчийн тэргүүлэх сургууль учраас стратеги төлөвлөгөөндөө 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуульд Монгол Улсаас 4 сургууль багтах ёстой. Үүний нэг нь МУИС байх нь гарцаагүй хэмээн тусгасан. Тиймээс үүний төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Тухайлбал, сургуулийн бүтэц, зохион байгуулалтын асуудалд дүн шинжилгээ хийж байна. Өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн ажлын хамгийн дэвшилттэйг нь эрчимтэй үргэлжлүүлнэ. Харин сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, сургуулийн бүтэц зохион байгуулалт, хөрөнгө, санхүү, сургуулийн орчинтой холбоотой асуудлыг үе шаттай шийдвэрлэх чиглэл барьж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУИС-д хийсэн өөрчлөлт нь сургалт, судалгааны ажлын ололт амжилтыг үгүйсгэж, Монголын дээд боловсролын системийг унагасан харалган ажил болсон гэж МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн. Энэ тухайд?

-МУИС-ийн хувьд зарим хүмүүсийн хэлж буйгаар нэр хүнд нь  унаж байгаа асуудал бий. Үүнийг бид тогоон дотроо тойрч суугаад шийдэх ёстой. Гэхдээ  энэ нь шүүмжлэлийг хааж бооно гэсэн үг биш. Манай Их сургуульд Монголын хамгийн сор болсон, тухайн салбар, шинжлэх ухаандаа тэргүүлэх эрдэмтэн судлаач, гадаадад өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу багш, судлаачид болон ахмад үе,  дунд үеийнхэн ажилладаг. Энэ гурван хэлхээ холбоон дээр их сургууль цааш хөгжинө. Их сургуулийн уламжлал, үнэт зүйл, багш, оюутнуудын ёс зүй өндөр түвшинд байх ёстой. Тиймээс хэрүүл маргаанаа больж, цаашид их сургуулийг хэрхэн Азийн шилдэг 100 сургуульд багтаах вэ гэдэгт бүх үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.

-Оюутнууд сургалтын төлбөрөөс гадна 224 мянган төгрөгийн суурь хураамж төлдөг. Төлбөр хэрхэн зарцуулсан талаарх задаргаа, тайлбарыг шилэн болгохыг шаардаж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа. БСШУСЯ-наас МУИС-ийн  Удирдах зөвлөлийн орлогч дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллан, дүгнэлт гаргасан. 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн суурь хураамжгүй болно. Бүх төлбөр тооцоог нэг цагийн багцад шингээнэ гэсэн үг. Энэ талаар төсөв төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан. Мөн энэ асуудлаар МУИС-ийн Оюутны холбоотой бүрэн хэмжээнд тохирсон. Ажил хүлээн авснаас хойш өмнөх Ажлын хэсгийн ажиллаж байсныг үргэлжлүүлэн албан ёсоор маргааш шийдвэрээ гаргана.

-МИУС-ийн төлбөр жил бүр нэмэгддэг гэсэн шүүмжлэлд өртдөг. Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэх үү?

-Сургалтын төлбөр нэмэх асуудал гарахгүй. Төрийн өмчийн бусад их, дээд сургуулиуд суурь хураамжийг багц цагийн төлбөрт оруулдаг. Суурь хураамж авах нь зөв. Манайд хууль эрх зүйн орчин бүрдээгүй. МУИС зарим талаараа хэтэрхий түрүүлж урагшаа яваад байна. Үүнтэй холбогдуулан их сургуулийн орлого буурна. Тодорхой хөрөнгө оруулалт, оюутнуудын суралцах орчин нөхцлийг сайжруулахтай холбоотой хөрөнгө мөнгө дутагдахыг үгүйсгэхгүй.

-МУИС-ийн дотуур байранд амьдарч буй оюутнуудад тулгарч буй ямар асуудал байна вэ?

-Манай сургуулийн оюутны дотуур байранд гадаадын оюутнууд болон хөдөө орон нутгаас олон оюутан амьдардаг. Тэдэнд тулгарч буй гол асуудал нь оюутнууд бие даан хичээл хийхэд интернетийн хурд муу. Энэ жилийн төсөвт оюутны байрны интернетийн хурдыг нэмэх төсвийг нэмж суулгасан. Мөн оюутны байрны харуул хамгаалалт, камержуулалт, оюутны зарим байрны засвар үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Цаашид МУИС-ийн оюутны байрыг аль болох тохитой,  нэг өрөөнд 2-3 оюутан амьдрах, орчин ахуй нөхцлийг нь  сайжруулах талаар тодорхой ажлыг хийнэ.Ер нь оюутны байрны менежментийг сайжруулах цаг нь болсон.

Оюутны байранд зохион байгуулагч, харуул хамгаалалт, үйлчлэгч ажиллаж байгаа ч орчин үеийн өндөр хөгжилтэй улс орны оюутны хотхон, дотуур байртай харьцуулахад үнэхээр хөгжлөөрөө хоцрогдсон. Тиймээс цаашид оюутны байрыг илүү тохь тухтай, оюутнууд сурч, амьдрахад хамгийн таатай орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө санхүүтэй холбоотой учраас энэ асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

-МУИС өндөр төлбөртэй мөртлөө судалгаа хийх лаборатори, тоног төхөөрөмжөө шинэчилдэггүй гэсэн шүүмжлэлд өртдөг?

-Сургуулиудын үйл ажиллагаатай танилцахад судалгааны тоног төхөөрөмж ялангуяа байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж их муудсан байна. Олон жилийн өмнө авсан, хуучирсан, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмж нь сургалтын шаардлага хангаж байна гэхэд хэцүү. Азийн шилдэг 100 сургуульд багтахын тулд томоохон техно парк байгуулж, тодорхой хэмжээний технологи дамжуулах эрдэм шинжилгээ судалгааны ажлыг шаардлага хангасан орчин үеийн шинэ нэгдсэн, нээлттэй лабораторитой болох асуудал МУИС-д нэн түрүүнд шаардагдаж байна. Зарим лаборатори, хамтарсан хөтөлбөр, тусламж, зээлийн хүрээнд боломжийн байгаа ч зарим лабораторийн техник тоног төхөөрөмж мөнхийн зогсоолдоо зогссон. Улс орны эдийн засаг хүнд байгаа нөхцөлд бид аль болох их сургуульд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө, санхүү аж ахуйг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд  санаачилгатай ажиллахыг зорьж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Холбоотой мэдээ