40 мянган га-д улаан буудай тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ хавар 40000 га талбайд улаан буудайн үр суулгана.
-Энэ хаврын хөрсний чийг хангалттай учир тариалалт технологийн хугацаанд хийх боломжтой. Зарим жил шиг борооны чийг угтуулан тарих зэргээр үр суулгах хугацааг янз бүрээр тогтоох асуудал гарахгүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ. Тус аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг болох төв болон хойд бүсийн суманд цас их унасан хур чийг хангалттай байгаа юм.
Энэ сарын дундуур аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж энэ хаврын тариалалтын онцлог, агро зөвлөмжийн талаар ярилцаж шийдвэрлэхээс гадна шинэ техник, технологийн мэдээлэл, цаг агаарын төлөв зэрэг цаг үеийн мэдээллээр тариаланчдыг хангах юм байна.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах салбарын Яам болон аймгийн бодлогыг танилцуулж энэ салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө өгөх ажээ.
М.Батжаргал