АНУ Умард Солонгосын 11 иргэний эсрэг хориг арга хэмжээ авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-01 09:38:22

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлж байгааг зогсоох хүчин чармайлтын хүрээнд тус улсын 11 иргэнийг АНУ хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.

АНУ-ын Сангийн яам баасан гарагт мэдэгдэхдээ “11 хүн, тэдний дотор Умард Солонгосын банкууд болон Хятад, Орос ба Вьетнам дахь худалдааны компаниудын төлөөлөгчдийг хар дансанд оруулсан” гэжээ.

Эдгээр  хүн нь гадаад улс орнуудад ажиллан улс руугаа валют илгээдэг аж.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучины хэлснээр, цөмийн болон баллистик пуужингийн хууль бус хөтөлбөрөө санхүүжүүлэхэд Умард Солонгосын засгийн газрын ашиглаж байгаа сүлжээ болон аргуудыг таслан зогсоож, саад хийх зорилгоор энэ хориг арга хэмжээг авчээ.

Дээрх 11 хүнийг АНУ руу нэвтэрч, Америкийн компаниудтай ямар нэгэн байдлаар харилцахыг хориглосон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ