Дорнодын буудлагын тамирчид амжилтаа ахиуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээнд Дорнодын тамирчид өмнөх жилүүдийн амжилтаа ахиуллаа.
Тэмцээнд тус аймгаас хийн гар буу, хийн урт бууны эрэгтэй, эмэгтэй төрөлд 6 тамирчин оролцсоноос Хэрлэн сумын 5-р сургуулийн 12а ангийн сурагч О.Эрхэмбилэг, 8-р сургуулийн 11 а ангийн сурагч Б.Цогтсэцэн нар 1036 оноогоор алтан медаль хүртэж, хоёр жилийн өмнөх улсын аварга багийн амжилтаа баталж, хошой аварга болсон байна.
Харин хийн урт бууны төрөлд 1-р сургуулийн 11в ангийн сурагч Н.Марал 1-р зэрэг, А.Түмэнбаяр 2-р зэргийн болзол хангасан бол хийн гар бууны төрөлд 8-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Цогтсэцэн 2-р зэргийн болзол хангажээ. Тус тэмцээнд хот хөдөөгийн 16 байгууллагын баг тамирчид оролцсоноос Дорнод аймгийн баг тамирчид 3-р байрт шалгарсан байна.
Д.Дэлгэрмаа