Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуульд Ленин Морено ялж явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-03 13:58:54

ЛОНДОН./BBC/. Эквадорын эрх баригч “ПАИС альянс” социалист намын нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч асан Ленин Морено Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатанд тэргүүлж байна.

Саналын 93,5 хувийг тоолсны дараах байдлаар, Л.Морено сонгогчдын 51,6 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч банкны захирал асан, консерватив үзэлт Гильермо Лассо 48,94 хувийн санал авчээ.

Эквадорын сонгуулийн зөвлөл ялагчийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа боловч одоогийн Ерөнхийлөгч Рафаэль Корреа твиттер хуудсандаа бичихдээ "Л.Морено ялах магадлал улам бүр нэмэгдсээр байна, учир нь тэрбээр 200 мянган хүний саналаар илүүрхэж байна" гэжээ.

Сөрөг хүчнийхэн саналын хуудсыг дахин сайтар нягтлан тоолохыг шаардах гэж байгаа тухай Г.Лассо мэдэгдсэн байна.

Ленин Вольтер Морено Гарсес бол Эквадорын хуульч, улс төрч хүн юм. Түүний эцэг нь Оросын хувьсгалыг төгс хувьсгал гэж үздэг байсан учир хүүдээ Ленин гэдэг нэр өгчээ.

Л.Морено хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүн юм. 1998 онд дээрэмчид түүн рүү халдсаны улмаас хөл нь гэмтэж саажжээ.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсных нь төлөө Л.Мореногийн нэрийг 2012 онд Нобелийн Энхтайвны шагналд дэвшүүлж байв.

2007-2013 онд Л.Морено одоогийн төрийн тэргүүн Рафаэль Корреагийн үед дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байжээ. Эквадорын сонгуулийн дүнг Латин Америкийн орнууд анхааралтай ажиглан харж байгаа юм. Учир нь, сүүлийн жил хагасын хугацаанд Аргентин, Бразил, Перуд консерватив үзэлтнүүд сонгуульд ялсан аж. 

О.Барс

 

Холбоотой мэдээ