АНУ-ын тэргүүн хатагтай М.Трампын албан ёсны хөрөг зургийг гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-04 10:23:25

ВАШИНГТОН./VOA/. АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын анхны албан ёсны хөрөг зургийг Цагаан ордон гаргалаа.

Өдгөө 46 настай, загвар өмсөгч байсан түүний гэрэл зургийг Цагаан ордонд авчээ.

Хөрөг зургийг хэн дарсан, хэзээ авсан нь хараахан тодорхойгүй байна.

Хатагтай Мелания Трамп “миний хувьд тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх болсон нь нэр төрийн хэрэг. Ирэх жилүүдэд Америкийн ард түмний тусын тулд ажиллах болно” гэж хэлжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай 10 настай хүү Барроны хамт одоо Нью-Йорк хотод амьдарч байгаа бөгөөд нөхрөө ерөнхийлөгч болсноос хойш анхаарлын төвд төдийлөн өртөөгүй байгаа билээ.

Барроны сургуулийн амралт эхэлснээр хатагтай М.Трамп Цагаан ордонд очих ажээ.

Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн түүний намтарт дурдсанаар, хүүхдүүд цахим ертөнцөөр бие биенийгээ доромжилж, дээрэлхэж байгаа явдалтай М.Трамп тэмцэж, энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ