Хуучин уурхайг ашигласнаар 20 гаруй ажлын байрыг шинээр бий болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-04 10:53:00

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иххэт сум уул уурхайг түшиглэж сүндэрлэсэн орос маягийн барилга байшинтай томоохон суурин.

Энд социализмын үед Хажуу-Улааны, Хамар-Усны, Баруунцагаан дэлийн гэх гурван уурхайд хүдэр, жонш зэрэг ашигт малтмалыг олборлож байжээ.

Зах зээл эхэлж уурхай хаагдсан ч хорь гаруй жилийн дараа Хамар-Усны жоншны орд газрыг дахин ашиглахаар орон нутгаас уул уурхайн компанитай гэрээлсэн байна.

Тус орд газарт 2010 оноос  “Баян тэгш импекс”  ХХК үйл ажиллагаа явуулж  буй бөгөөд  эдүгээ үйл ажиллагаа нь жигдэрч хоногтоо 100 гаруй тонн хүдэр, сардаа  500 гаруй тонн жонш гар аргаар олборлож  зэх зээлд борлуулж буй.

Тус орд газар нь 300 мянга гаруй орчим тонн жоншны нөөцтэй.Үйлдвэрлэлийн аргаар олборлоход хүндрэлтэй тул гэрээлэгч компани гар аргаар олборлолт хийж, хүдэр, жоншийг ангилан ялгаж байгаа юм.

Харин тус компани 2017 оны хоёрдугаар улирлаас эхлэн хоёр амыг зэрэг ашиглаж эхэлснээр олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой болов.

Орон нутгаас ашиглахгүй удсан хуучин уурхайн орд газрыг  хувийн компанид гэрээгээр эзэмшүүлснээр  20 гаруй ажлын байрыг бий болгож чадсан төдийгүй Баруунцагаан дэлийн  орд газрыг мөн л дахин ашиглахаар төлөвлөж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ