"Бурхантын хөндий 30 мянган жилийн өмнө" үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
norovsambuu@montsame.mn
2017-04-04 22:29:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/ ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн Музейтэй хамтарч “Бурхантын хөндий 30 мянган жилийн өмнө” үзэсгэлэн нээлээ.

Нээлтэд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Музейн захирал Д.Жамбалдорж, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Цуглуулгын менежир С.Өлзийцэрэн, ЭША Б.Баярмаа, Препаратор Ч.Отгонжаргал, Б.Отгонбат, С.Баасанхүү нар болон үзэгчдийн төлөөлөл оролцлоо.

Музейн захирал Д.Жамбалдорж үзэсгэлэнг нээж хэлэхдээ: “Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн олдвор, цуглуулгаас бүрдсэн үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд юм. Энэ амьтад нь тухайн үед одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан нь Шарын гол, Хонгор сумын нутгаас орчмоос олдсон олдворуудаар батлагдаж байна. Тухайлбал: Хонгор сумын Хоёрдугаар багийн малчин Г.Батсүх “Савагт хирс”-ний толгойн ясыг олж илрүүлснээр өнгөрсөн оны аравдугаар сарын 18-19-нд мэргэжлийн баг ирж палеонтологийн тандалт хийж 30-10 мянган жилд хамрагдах олдвор болохыг тогтоосон. Улмаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт сэргээн засварлалт хийсний дараа манай Музейн сан хөмрөгт шинээр дэлгэгдсэн үзмэр болж байгаа нь онцлог юм” гэв.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Цуглуулгын менежер С.Өлзийцэрэн: “Өнөөдөр бид Манай хүрээлэнгийн энэ оны ажлын төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн Музейн захиргаатай хамтарч энэхүү өвөрмөц үзэсгэлэнг гаргаж байна. Дархан нутаг нь мөстлөгийн үеийн амьтдын нэн ховор олдвор олддог бүс нутгийн нэг. Урьд өмнө нь 1960-аад онд Шарын голын уурхайн хөрс хуулалтын үед динозаврын өндөгүүд, хирсний толгойн яс зэрэг ховор олдворууд олдож байсан юм” гэв.

Уг үзэсгэлэнг зохион байгуулахад Дархан сумын ИТХ, Голомт банкны Дархан салбар, “Бат хан жаргалант”, “Сайн орших” зэрэг ХХК, Уул Уурхай, Эрчим хүчний Политехник Коллеж зэрэг байгууллагууд дэмжигчээр оролцжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ