Халхгол суманд ХАА-н загвар хоршоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол суманд ХАА-н загвар аж ахуй өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн юм. Хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Койко байгууллагын буцалтгүй тусламжаар шийджээ.
Энэхүү загвар аж ахуй нь махны чиглэлийн 100, сүүний чиглэлийн 25 үхрийн байртай, газар тариалан эрхлэх 150 га газар, усалгааны систем бүхий 750 м.кв газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой. Хөдөө аж ахуйн томоохон үйлдвэр ийн ажиллаж эхэлснээр Дорнод аймаг, цаашлаад зүүн бүсийн үхрийн удам угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх, хүнсний ногоо тариалснаар орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах, алслагдсан суманд ажлын байр нэмэгдүүлэх нөхцөл ч бүрдэж байгаа юм.
Загвар аж ахуйд өнөөгийн байдлаар 80 гаруй үхэр маллаж байна. Цаашид үр дүнтэй ажиллаж чадвал Баянхошуу, Нөмрөгийн боомтуудаар БНХАУ-д бүтээгдэхүүнээ гаргах томоохон зах зээл нээгдэнэ гэдгийг хөдөө аж ахуйн салбарынхан хэлж байна.
Д.Дэлгэрмаа