Киргизийн Социал Демократ намын гишүүд НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчидтэй санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-06 17:13:42

Киргизийн Социал Демократ намын гишүүд манай улсад туршлага судалж байна.

Киргизийн Социал Демократ  намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне”  нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид оролцож орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүдэд тулгардаг бэрхшээл болон боломжийн талаар санал солилцов.

 Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Өнгөрсөн онд болсон сонгуулийн  үр дүнд УИХ-д 13 эмэгтэй гишүүн, НИТХ-д 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдон, ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих болсон. 2015 онд МАН-аас иргэдийн дунд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, гэр бүл, нийгмийн оролцооны талаар томоохон судалгааг явуулсан.  Эл судалгаанд үндэслэн МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулсан учир  амжилт байгуулсан юм.  Сүүлийн жилүүдэд манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, эрэгтэйчүүд гадагшаа ажиллахаар гарч буйтай холбоотой гэр бүл салалт нэмэгдэж байгаа. Тиймээс үүнд УИХ, НИТХ, дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүд нэгдэн ажиллаж байна” гэв.

Харин энэ үеэр Киргизийн парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна “Аливаа  орны улс төрд ажиллаж буй эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл адил юм. Киргизийн хувьд өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд 860 эмэгтэйг сургалтад хамруулсан. Үүнээс 440 эмэгтэй  нэр дэвшиж 109 нь сонгогдсон. Бидний хувьд орон нутгийн төлөөлөгч парламентын гишүүд хоорондын ажлын уялдаа сул. Тиймээс орон нутгийн төлөөлөгчид болон парламентын эмэгтэй гишүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд  бага хурал зохион байгуулж эрчимжүүлэхээр ажиллаж байна” хэмээн тодотгов.

Холбоотой мэдээ