Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар. /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Орон нутагт ипотекийн зээл зогсчихоод байна. Нэг их наяд төгрөг эргэлдэж байж, ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ гэж судлаачид хэлж байна. Санхүүжилтийг нь нэмэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Төсвийн тодотгол сайжраад батлагддаг. Энэ удаа муужирч батлагдаж байна. Нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж МАН амалж байсан 7 төрлийн татвар нэмэх нь. Төрийн зардал бууруулна гэсэн 200 тэрбум төгрөгөөр төсвийн ерөнхийлөн захирагчдын мөнгийг нэмлээ. Хүүхдийн мөнгө хэвийн олгоно гэсэн ч 40 хувьд нь өгөөд 20 хувьд нь хоолны талон болгож тараах гэж байна. Энэ талон нь арын хаалгаар иргэдэд очиж таарна. Зээл авахгүй гэсэн ч дарга нар очсон газар бүртээ зээл авч байна. Төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж байна. Ард түмний саналыг худалдаж авах зорилгоор төсвийг тодотгож болохгүй. Тиймээс АН тодотголыг дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвөө тодотгож байгаа гэж ойлгож байгаа. ОУВС-гаас тавьж буй шаардлагыг бид гадны хөтөлбөрт хамралгүйгээр өөрсдөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлтийг МАН, АН гэлтгүй зээлдэгчдээр нь төлүүлэх хэрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танах хэрэгтэй. Хүссэн мөнгө чинь тэндээс гараад ирнэ. Иргэд тэтгэвэр авна гэсэн бодолтой шимтгэл төлж байгаа. Гэтэл үүний зэрэгцээ Хамтын тэтгэврийн хуулийг нь хүчингүй болгочихсон байдаг. Онцгой албан татварыг нэмэх асуудал дээр алтны татвараа нэм. Энэ мэтээр буруу замаар явж байна шүү.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Хэдэн жилийн өмнө Орос ах нарын хэлснээр ажилладаг байсан бол өнөөдөр ОУВС-гийн ах нарын хэлснээр ажлаа хийдэг болох юм байна. ОУВС эцсийн боломж мэтээр харж байгаа нь бодлого муутайн шинж. Эрх баригчид хэдэн сарын өмнө татвар нэмэхгүй, өрийн хэмжээг өсгөхгүй, зээл авахгүй гэж ярьж байсан. Одоо авлигатайгаа тэмц. Төрийн зардлаа бууруул. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Хөрөнгийн бирж дээр хувьцаа болгож гарга. Засгийн газар боломжуудыг олж харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Монголбанкнаас гарсан хулгайн шинжтэй хөтөлбөрүүдэд хөндлөнгийн аудит оруул. Хэрэв буруутай этгээдийг суллаж явуулбал шүүхийн шинэчлэлийг ярих хэрэгтэй. Оффшорчдын хөрөнгийг татаж авах нь зүйтэй. Бензинийг бид цаашид дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Хадгаламжийн хүүнээс татвар авбал бүх хүн хадгаламжаа татах вий.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Улс орны эдийн засаг зогсонги байна. Эхлээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Үүний өмнө хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал дээр босго тогтоо. Байр авахаар хэдэн төгрөг хадгалж байгаа хүмүүстээ зөөлөн хандах нь зүйтэй. Гишүүд 100 сая төгрөгийн хадгаламжийн хүүнд татвар ногдуул гэж байх шиг байна. Миний хувьд 50 сая төгрөгийн хадгаламжийн хүүнд татвар ногдуулах хэрэгтэй гэсэн саналтай байна. Алтнаас татвар зайлшгүй авах ёстой. Яамдын төсвийг эргэж харья. Том машинуудыг танья.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Хөтөлбөрийг даруй хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн тодотголын төслөө сайжруулмаар байна. Засгийн газар анх байгуулагдсан үедээ эдгээр асуудлыг ярьж байсан. Хамгаалж чадалгүй унасан. Төсвийн алдагдал 9,1 хувиас 10,6 хувь болсон байна. Төсвийн сахилгыг сайжруулах нь зүйтэй. Зөвхөн ОУВС-г аргалсан арга хэмжээ авч байгаа юм шиг ярьж байна. Харин тэдний тавьж байгаагаас илүү давсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Алтнаас татвар авах нь зөв. Орлогоо нэмэгдүүлж, зардлаа хямгад.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: -Шанаган шүүр шиг эдийн засгаа цэгцлэх хэрэгтэй. Ийм үед мөнгө санхүүжилт авбал шүүрээр нь гараад явчих вий.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -"Чингис" бондтой тэнцэх хэмжээний буюу 1.5 тэрбум ам.долларыг хөтөлбөр төслүүд рүү оруулах гэж байна. Энэ их хэмжээний бэлэн төсөл бий юу. Ер нь төсвийн тодотголыг хийхдээ дунд хүрээний бичиг баримтууддаа өөрчлөлт оруулалгүй баталья. Зардлаа танах, орлогоо нэмэгдүүлэх дээр дахин эргэж харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад биш, эдийн засгаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн концессыг төсвийн салшгүй нэг хэсэг гэж үздэг байя. ОУВС-гийн тавьсан 30 гаруй шаардлагаас талыг нь хэрэгжүүлэхээр болсон гэж Сангийн сайд хэллээ. Бүх саналыг авч хэрэгжүүлээгүйгээс дутуу үр дүнд хүрэх юм биш биз.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Тэтгэврийн насыг нэмэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Олон улсад жилд 2-3 сараар нэмж байгаа юм билээ. Эсвэл 2-3 сараар хоёроос гурван жилд нэмээд үр дүнг нь үзээд дараа нь нэмэх үгүйгээ шийддэг юм билээ. Энэ жишгийг нэг харах хэрэгтэй. Захиргааны санаачилгаар тэтгэвэрт гарахыг хатуу хориглоно заалтыг өнөөгийн хуулинд оруулвал зүгээр.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, ийн байр сууриа илэрхийллээ. Үүгээр төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусгасан бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.
Б.Туул