Марк Тассэ: Монголд дэлхийн тоглогч болох том нөөц бололцоо бий

ТОЙМ
dogsom@montsame.mn
2017-04-07 10:55:19

“Монголын соёл уламжлалт нүүдлийн иргэншилтэйгээ зайлшгүй холбогддог бөгөөд энэ нь Монголын талаарх хамгийн сайхан зүйлсийн нэг гэж би боддог. Хөдөө, тал нутагтайгаа холбоо хамаарлаа алдвал Монголын хувьд хамгийн том гарз болно”, хэмээн энэхүү ярилцлагад Монголын талаарх санаа бодлоо хуваалцсан Канадын иргэн Марк Тассэ хэлсэн юм.

Дөрвөн жилийн өмнө Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь салбарт бизнесийн үнэлгээ хийх 6 сарын гэрээний саналыг Марк хүлээн авч, дараа нь өөрийн санал болгосон төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголд үлдсэн бөгөөд одоогоор Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь салбарын захирал, Төслийн удирдлагын олон улсын институтын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг эрхэлж байна. “Одоохондоо Монголоос явах төлөвлөгөө алга” тэрбээр хэлэв.

2013 онд Монголд ирсэн өдрөө эргэн дурсвал?

Би 3 дугаар сарын сэрүүхэн өдөр Монголд газардсан юм. Нисэх буудлын шинэ зам, Хүннү молл баригдаагүй байсан үе шүү дээ. Нисэх буудлаас хотын төв орох донсолгоотой замаар 15-20 минут явсны дараа замын хөдөлгөөн гэнэт зогсож, адуун сүрэг зам хөндлөн гарах нь тэр. 100 орчим адуу байсан байх гэж бодож байна. Би моринд дуртай, морь унадаг хүн л дээ. Тэр үзэгдлийг ажиглах зуураа “надад энэ газар таалагдах юм байна” гэж бодогдсон шүү. Цэнхэр тэнгэр, цагаан уулс, тэгээд хэн нэгэн өмнүүр минь зуугаад адуу тууж өнгөрсөн тэр үзэгдэл Монгол миний хувьд юу болж хувирах байсны төгс эхлэл байсан.

Та анх хэрхэн Монгол оронтой холбогдов?

Би өмнө нь Монголын талаар хомс мэдлэгтэй байсан. Тиймээс анх ирж ажиллах санал хүлээн аваад Монголыг судлах нэг долоо хоногийн чөлөө авсан юм. Яг тэр үед би нэгэн өдрийн цайны уулзалтын үеэр Канад улсаас Монголд Элчин сайдаар ажиллаж байсан Анна Биоликтой танилцах завшаан тохиож, бид уулзалтын турш Монголын тухай ярьсан. Элчин сайдын Монголын хөгжил, нөөц бололцооны талаарх төсөөлөл маш өөдрөг байсан. Тэгээд би Монголд ирэхээр шийдсэн юм. Би бас хувьдаа судалгаагаа хийсэн, тийм ч учраас Монголыг өмнө нь ажиллаж, амьдарч байсан бусад Азийн орнуудтай төстэй байх болов уу гэж санаж байлаа. Өмнө нь  БНСУ, Тайланд, Япон болон Хятад улсад амьдарч байсан. Гэхдээ Монгол маш өвөрмөц орон гэдгийг богино хугацаанд ойлгосон доо.

Монгол оронтой холбогдох харилцаагаа одоо тодорхойлбол?

Монголын олон байгууллагуудтай хамтарч ажиллах тусам Монгол улстай холбогдох тэр холбоо гүнзгийрсээр байна. Миний нэг хүсэл бол Монгол улс хөгжин дэвжихийг харах. Тиймээс би монголчууд, монгол компаниудын чадавхийг сайжруулах, тэднийг илүү бие даасан, тогтвортой, гадны тусламжаас хараат биш байхад анхааран ажиллаж байна.

Монгол улсад дэлхийн тоглогч болох нөөц бололцоо дүүрэн байна гэж би хардаг. Тэрхүү нөөц боломж дээрээ дөрөөлөн босоход жаахан хугацаа л  хэрэгтэй юм болов уу.

Улс-төвт судалгаанаас сэдэв-төвт судалгаа руу шилжсэн

Америкийн Монгол судлалын төв бол 10 гаруй жилийн түүхтэй байгууллага. Монгол судлалын цар хүрээг тэлэх, Монголыг Америкт сурталчлахад танай төв хэрхэн хувь нэмрээ оруулж ирэв?

Америкийн Монгол судлалын төв нь Америкийн Гадаад судлалын төвүүдийн зөвлөлийн нэг хэсэг бөгөөд Монголын талаарх эрдэм шинжилгээний судалгаа, судалгааны төслүүдийг дэмжин ажилладаг. Бид өөрсдөө судалгаа явуулдаггүй, харин бусдын судалгаа, төсөлд арын албаны болоод зохицуулагч түншээр оролцдог. Бид судлаачдын Монгол дахь түншийн үүргийг гүйцэтгэж, тэдний зарим нэгэн зөвшөөрөл авах, Монголын хууль, дүрэм журамтай нийцэж ажлаа явуулах болон бусад үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлдэг. Хэл шинжлэл, уран зохиол, соёл зэрэг үндсэн салбаруудад хуваагдаж буй Монгол судлалын сонгодог ойлголт бидний ажлын нэгээхэн хэсэг ч манай төв байгаль орчин, засаглал, эдийн засгийн хөгжил, бодлого, нийтийн эрүүл мэнд зэрэг салбарын судалгаанд түлхүү оролцдог.

Монголд судалгаа хийхэд таатай газар, эндээс юм сурах, тэгээд бусадтай хуваалцах боломж их гэдгийг таниулахад бидний үйл ажиллагаа чиглэж, ялангуяа сүүлийн 4-5 жилд ихэд анхааран ажиллаж байна. Намайг томилогдож ирснээс хойших эхний хоёр жилд бид ихэвчлэн харилцаа холбоо тогтоох ажиллагаа өрнүүлсэн. Харин одоо зөвхөн Америкаас ч биш, бусад орнуудаас бидний огт мэдэхгүй хүмүүс холбоо барьдаг болсон.

АНУ-д Беркелийн их сургууль, Пенсильванийн их сургууль, Индиана их сургууль, Колумбын их сургууль, Принстоны их сургууль зэрэг Монгол судлалын уламжлалтай газрууд бий. Баруун Вашингтоны их сургуулиас жил бүр ирж судалгаа хийдэг баг ч байдаг. Харвардын их сургуульд сонгодог монгол судлал байсаар ирсэн. Харин сүүлийн үед тус сургууль Монголын эрүүл мэндийн судалгаанд илүү их ач холбогдол өгч байгаа. Уг санаачилгын хүрээнд Харвардын их сургуулийн судлаачид, эрдэмтэд Монголд ирж судалгаа хийж байна. Нөгөө талаар, Монгол судлалын хүрээлэнг Харвардын их сургуульд байгуулах асуудал байгаа бөгөөд энэ ажил анхан шатандаа явж байна. Монголд хийх болон Монголын талаарх судалгаан дээр Америкийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллах их сургуулиудын тоо нэмэгдсээр байдаг.

Нөгөөтэйгүүр, Америкийн Монгол судлалын төв монгол болон гадны судлаачдын түншлэлд анхаарал хандуулдаг. Заримдаа тохиолддог бөгөөд бидний өөрчлөхөөр хичээж буй нэг зүйл бол гадны судлаач Монголд ирээд, монгол эрдэмтэнтэй хэсэг хугацааг өнгөрүүлж, эргэж очоод эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлж, монголын эксперт болж харагддаг явдал. Үнэндээ монголын эксперт нь жилийн 52 долоо хоногийг Монголд өнгөрүүлж, түүнд бүх мэдээллийг өгсөн монгол судлаач юм шүү дээ. Бид монгол судлаачдыг өгүүллээ боловсруулах, нийтлүүлэхээр мэдүүлэх, хамтарсан өгүүлэл нийтлүүлэх, хамтарсан өгүүллийн зохиогчийн эрхээ олж авахад, мөн дэлхий дахинд болж буй эрдэм шинжилгээний хурал, уулзалтад оролцохоор бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тэгж байж монгол судлаачид хийсэн ажлаараа танигдаж, дэлхий монголчуудыг монголын эксперт гэж харна шүү дээ.

Та монгол судлалын хөгжлийг хэрхэн дүгнэдэг вэ?

Сүүлийн 20-30 жилд баруунд болон дэлхий даяар улс-төвт судалгаанаас сэдэв-төвт судалгаа руу шилжиж байна. Судлаачид өөрсдийгөө тодорхой нэгэн газарзүйн байршлаар биш судалгааны талбараар тодорхойлдог болсон. Жишээ нь бидний хамтран ажилладаг доктор Жулиа Кларк археологич хүн. Түүний бүх судалгаа Монголд хийгдсэн ч тэр өөрийгөө монголч эрдэмтэнд тооцдоггүй. Тэр өөрийгөө Монголыг судалдаг, хүрлийн үеийн судлаач гэж тодорхойлдог.

Залуу эрдэмтдийн хувьд, тодорхой газарзүйн бүсэд төвлөрсөн, сэдэвт тулгуурласан, субьект-төвт судалгаа руу шилжээд байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, Монгол судлалын тэнхимийн тухай сонгодог ойлголт одоо байхгүй болсон. Бидэнд ийм асуудал үе үе тохиолддог л доо. Юу вэ гэхээр, Монголын яамд, их сургуулиудтай харилцах үед биднээс ямар нэгэн их сургуульд монгол судлалын тэнхим байгуулахад нь тусалж чадах эсэхийг асуудаг. Бид татгалзсан хариулт өгдөг, учир нь баруунд ийм зүйл байхаа больсон. Улс-төвт судлал Хойд Америк, Европт хоцрогдож байгаа бөгөөд Беркелийн их сургуульд л гэхэд Төв Азийн судалгааны төвд нь Монголын тэнхим ажиллаж байх жишээтэй. Магадгүй, одоогоос хорин жилийн дараа эрдэм шинжилгээний салбар өөр зохион байгуулалтад шилжих байх, гэхдээ одоохондоо монголч эрдэмтний тухай сонгодог ойлголт залуу судлаачдын дунд байхаа болиод байна.

Энд миний хэлж чадах бас нэг зүйл бол Монголд ирж судалгаа хийх сонирхол их байдаг. Монголд янз янзын сэдвээр судалгаа хийх хүсэлтэй хүмүүс бидэнд их ханддаг, яагаад гэвэл Монгол улам танигдаж, илүү хүртээмжтэй болж байна.

Монголд ирж судалгаа хийхэд илүү хялбар болж байгааг нэг жишээн дээр авч үзье. Дөрвөн жилийн өмнөх зун Монголд нэг түүхч эрдэмтэн дөрвөн сарын хугацаатай ирсэн юм. Тэрний ирсэн зорилго нь архивын мэдээллийн ангиллыг харах, үүнийгээ ашиглан докторын судалгааны ажлаа төлөвлөх байсан юм. Архивт нэвтрэх зөвшөөрөл нь дөрван сарын дараа гарч, Монголд байсан сүүлийн долоо хоногтоо л тэр архивын баримтын ангиллыг харж чадсан. Хоёр жилийн дараа тэр Монголд ахиад ирэхдээ зургаан сар байхаар төлөвлөсөн байсан л даа, архивт нэвтрэх зөвшөөрөл авахад хэдэн сар болно гэж тооцоолсон учраас тэр. Гэхдээ түүний ирсний дараахан бид зөвшөөрлийг нь авч чадсанаар хэдхэн долоо хоногийн дотор тэрбээр архивт нэвтрээд зогсохгүй, баримтуудыг нь үзэх боломжтой болсон юм даа. Уг түүхч дөрвөн сарын турш архивт бараг амьдарсан шүү. Тэгэхээр Монголд залуу эрдэмтэд судалгаа хийх орчин илүү эерэг, нээлттэй, хялбархан болсон гэж хэлж болно.

Та өөрөө Монголыг судалдаг хүн үү?

Миний мэргэшил гарааны бизнес, хөгжиж буй зах зээл. Би өөрийгөө монголч эрдэмтэн гэж хэлэхгүй.

Өнгөрсөн 8 дугаар сард болж өнгөрсөн Монголч эрдэмтдийн их хурлын талаарх бодлоо хуваалцаач?

Монголч эрдэмтдийн их хурлын нээлтэд би оролцсон. Уг хуралд оролцохоор ирсэн дэлхий даяарх түншүүдээ харах сонирхолтой байсан гэдгийг хэлмээр байна. Хамгийн сонирхолтой нь, хуралд оролцогчдын дундаж нас 55-60 хооронд байсан бөгөөд энэ нь хэнийг монголч эрдэмтэн гэж үзэж, урьж байгаатай холбоотой. Миний бодлоор Монголч эрдэмтдийн их хурал нэгэнт байр сууриа олсон, сонгодог монголч эрдэмтдийг алдаршуулдаг юм шиг санагдсан. Жишээ нь, бидэнтэй хамтран ажилладаг, хуралд оролцох хүсэлтээ хүргүүлсэн ч уригдаагүй хэд хэдэн залуу эрдэмтэд бий. Монголч эрдэмтний тухай сонгодог ойлголт орчин үеийн эрдэм шинжилгээний талбарт хоцрогдсон гэдэгтэй эвлэрээгүй байх шиг.

Монголын талаарх судалгаа өргөжин тэлж байгаа ч сонгодог салбаруудад тийм ч их хийгдэхгүй байгаа. Эрдэмтэд түүхийн, уран зохиолын эсвэл соёлын үндсэн судалгаанаас илүүтэйгээр шар өвчин, цөлжилт, мал аж ахуйн менежмент зэрэг зорилтот сэдвээр судалгаа хийж байна шүү дээ. Жишээ нь Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхий дээрх хамгийн шинэ зах зээл гэдгээр нь судлахаар ирж байгаа судлаачид байна. Монголын тухай судалгааны цар хүрээ бидний мэдэх уламжлалт монгол судлалаас хамаагүй өргөжсөн.

Монголд судалгаа хийхэд ямар давуу талууд байдаг вэ?

Монгол бол судалгааны сайн субьект. Монголд судалгаа хийхийн гол давуу тал нь Монголын алслагдмал байдал. Судлаачид Монголд маш сайн эмпирик судалгаа хийх боломжтой, учир нь судалгааныхаа хувьсагчдыг хялбархан тусгаарлаж болдог.

Бас нэгэн давуу тал нь Монголын хурдтай өөрчлөлт. Монгол алслагдсан, хүн амын хувьд жижиг улс учраас бусад газартай харьцуулахад юмс хурдан өөрчлөгдөж хөгждөг. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг ихэвчлэн 5-15 жилийн дараа үздэг бол Монголд 5 жилээс богино хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглаж болно. Яагаад гэвэл Монгол маш хурдан дасан зохицдог. Монголчууд шинээр орж ирж буй технологи, ойлголтыг хүлээж авах, сайжруулах, хэрэглэхдээ хурдтай.

Ер нь Монголыг яагаад судлах ёстой юм бэ?

Яагаад гэвэл Монгол сонирхолтой, гайхалтай орон. Монголчуудын түүх болон тэдний дэлхий даяар үзүүлсэн нөлөөг аваад үзвэл тэд сүүлийн 2000 жилд зөвхөн Азиар зогсохгүй Европ, Ойрхи Дорнодын хөгжилд асар том үүрэг гүйцэтгэсэн. Тэдгээр өгөгдлүүд Монголыг сонирхолтой болгодог.

Монголыг байгаль орчин, эдийн засгийн байдлынх нь хувьд судалж болно. Жишээ нь, Хятадын түүхий эдийн зах зээлийн удаашрал бусад улсад тодорхой хэмжээнд нөлөөлсөн ч Монгол хамгаас их өртсөн шүү дээ. Монголыг тодорхойлогч эдийн засаг гэдэг талаас нь судалбал сонирхолтой гэж бодож байна.

Гуравдугаарт, Монголд судлагдаагүй зүйл их байна. Судлаачдад тулгардаг нэг сорилт бол судлах шинэ санаа, субьект олох явдал байдаг л даа. Социалист нийгмээс ардчилсан систем рүү шилжсэн сүүлийн 25 жил, амьдралын хэв маягийн харьцуулалт, нийгмийн сэтгэлгээний хувьсал, орчин үеийн соёл, эдийн засгийн өсөлт, байгаль орчны асуудлууд зэрэг огт судлагдаж байгаагүй асуудлууд Монголд зөндөө байна. Энэ бүгд судлаачдын өмнө нээлттэй байсаар байна.

Монголчууд хараат бус сэтгэлгээгээрээ ялгардаг

Улаанбаатар хотыг гадаад хүний нүдээр?

Экспатуудын хувьд, Улаанбаатар маш энгийн хот. Би ажлынхаа 80 орчим хувийг алхаад амжуулчихдаг. Монголд амьдарсан 4 жилийн хугацаанд ажигласан энэ хотын хувьсал, тухайлбал хоолны газар, үзвэр үйлчилгээний орчинд гарсан өөрчлөлтийг би сайшаадаг. Улаанбаатарын хоолны чанар, худалдан авах боломжтой бүтээгдэхүүнүүд Хойд Америк, Европтой адилхан. Үнэ нь дундаж буюу хямдхан. Улаанбаатарын хамгийн хэцүү зүйл нь өвлийн агаар, гэхдээ гуравхан сар шүү дээ. Амьсгалж чадахгүй өвлийн гурван сарыг эс тооцвол Улаанбаатар сайхан хот.

Та монгол хоолонд дуртай юу?

Би хөдөөний монгол хоолонд маш их дуртай, хотын хоолонд дургүй. Бид хөдөөгүүр явахдаа тэндхийн эсгий гэрт аж төрдөг айлд жинхэнэ монгол хоол иддэг. Бууз, цуйван, хуушуур гээд ердийн л монгол хоол шүү дээ, гэхдээ л хөдөөний хүмүүс амттай хоол хийдэг. Хөдөөний айраг, тараг, сүүнд бас дуртай шүү.

Дөрвөн жилийн хугацаанд хэр их аялав?

Би Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг 7-8 аймагт очсон. Монголын байгалийн олон янз байдалд би хайртай. Монголд ирсэн гадныхны сэтгэлийг онгон зэрлэг байгалийнх нь гоо үзэсгэлэн хамгаас их татдаг гэж боддог.

Таны монголчуудын талаарх бодол?

Би монголчуудтай сайн ойлголцдог. Монголчуудын шударга, нээлттэй занг үнэлдэг. Настай ч бай, залуу ч бай, монголчууд юу бодож байгаагаа хэлэхээс айдаггүй. Өрнөж буй үйл явдлын талаарх өөрсдийн бодол, сэтгэгдлээ чөлөөтэй, шударгаар илэрхийлдэг зан нь надад маш шинэлэг байдаг, яагаад гэвэл өнөө цагт бүгд л хэний ч дургүйг хүргэлгүй ярихыг хичээж байна шүү дээ.

Монголчуудад сагсуу зан гэж андуурахаар өөртөө итгэх итгэл байдаг. Жишээ нь Монгол, Орос, Хятадын ерөнхийлөгч нарын гурван талын уулзалт болоход Монголын тал өөрийгөө нөгөө хоёртойгоо адил тэнцүү гэсэн хандлагатай байдаг. Монголын хоёр талд оршдог, дэлхийн хүчирхэг хоёр гүрэн шүү дээ, гэтэл тийм биш, “бид бүгд улсын ерөнхийлөгч, бид адилхан, тиймээс биднийг ижилхэн л хүндэтгэх ёстой” гэсэн хандлага. Энэ нь сагсуурал биш, зүгээр л “бид ийм л хүмүүс” гэсэн зан. Энэ занг зөвхөн улс төрд ч биш, хүмүүс дээр ажиглаж болно. Монгол хүн мөнгө, албан тушаал гэхээсээ илүү өөрийгөө хэн гэдгээрээ л хүндлүүлэхийг хүлээдэг бөгөөд “би чамаас юугаараа дутуу юм бэ” гэсэн хандлагатай байдаг. “Би чамтай л адилхан чухал хүн, тиймээс намайг зохих ёсоор нь хүндэл” гэсэн монголчуудын занд би дуртай.

Монголын нийгмийг өмнө нь амьдарч буй бусад Азийн орныхтой харьцуулахгүй юу?

Монголыг ямар нэгэн ангилалд оруулахад их ярвигтай. Монголын зарим шинж Ази, бас зарим талаараа барууны орон шиг. Энэ нь дан ганц гадны нөлөөллийн үр дагавар биш бөгөөд монголчуудын биеэ авч явах байдалтай холбож болно. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа байна. Монгол эмэгтэйчүүд бусад ази эмэгтэйчүүдээс маш өөр. Тэд нээлттэй, өөрсдийгөө боловсруулдаг, хэзээд шийдвэр гаргаж, санаачлагыг гартаа авахаас айдаггүй.

Бас Монголчуудын нийгмийн харилцаанд тийм ч тод томруун шатлал байдаггүй. Жишээ нь Өмнөд Солонгост л гэхэд хэсэг бүлэг хүмүүс шинээр танилцахад хэн нь хамгийн ахмад нь вэ гэдгээ тодруулах ажил гарна. Харин Монголд ахмад настнуудыг зохих ёсоор нь хүндэлнэ, бусад нь нэг л түвшнээс харилцана. Миний Монголд олж харсан эдгээр онцгой чанарууд Монголыг хүчирхэг болгодог юм болов уу. Монголын уламжлалт нүүдлийн соёлоос улбаатай гэж би боддог.

Монгол дэлхийн бусад орноос юугаараа өөр гэж хэлэх вэ?

Миний хувьд, Монголчууд биеэ даасан, хараат бус сэтгэлгээгээрээ бусдаас ялгардаг. Монгол хүн өөртөө л найдаж, хэний ч өмнө толгой бөхийлгөдөггүй, учир нь тэд бусадтай л адилхан хүмүүс.

Дэлхий дээр Монгол шиг улсыг хаанаас ч олохгүй, энэ нь хэнд ч ойлгомжтой байдаг. Би хувьдаа Монголын залуу үед үзүүлж буй гадны нөлөөлөлд санаа зовнидог. Гэхдээ эдгээр гадны нөлөөг Монгол хэрхэн залуурдаж, дасан зохицож, монголчлохыг харахад сонирхолтой байх болно. Би монголчуудыг чадна гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ