НҮБ-ын тусгай төлөөлөгч Р.Глассерийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-07 11:36:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассер манай улсад айлчлан 2018 онд болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын бэлтгэлийг эхлүүлэх ажлыг холбогдох албаныхантай ярилцаж байна. Энэ удаа Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзан ярилцсан байна.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар оролцов. Тэд 2018 онд Улаанбаатар хотод  зохион байгуулах “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ын талаар санал солилцлоо.  Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассер “Тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-ыг 2018 онд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь уг хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ сарын 5-7-ны өдөр Улаанбаатар хотноо болж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” маш амжилттай үргэлжилж байгааг хэлье” гэв.  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд “Улаанбаатар хотод болзошгүй газар хөдлөлт, гамшгийн эрсдэлийг үнэлэх, барилгын норм стандартыг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас техникийн дэмжлэг туслалцаа авах, энэ чиглэлээр харилцан хамтран ажиллах нь бидний хувьд их аз завшаантай явдал юм. 2018 онд “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үеэр Улаанбаатар хот өөрийн сайн туршлагаас Азийн орнуудтай хуваалцах болно” хэмээн онцлов. Дэлхий дахинд байгалийн гамшгийн давтамж өсөн нэмэгдэж, түүнээс учрах хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах,  Сендайн үйл ажиллагааны хүрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын Конвенцын Парисын хэлэлцээр, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангуулах, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хандуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран энэ удаагийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. 

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ