Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-10 16:25:23

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлээ танилцууллаа.


Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын мэдээлэлд үндэслэн 6 бүлгийн 65 санал гаргасан байна. Үүнд эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах, шүүх шинжилгээ ба хүний эрх, олон нийтийн мэдэх эрх, хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын тогтолцоо, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрчүүдэд тулгамдсан асуудал багтжээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд иргэний эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэхийг тусгаж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилт дэвшүүлэн, 2021 оноос н томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа ч зорилт, үр дүн зөрүүтэй байгааг ХЭҮК-ын тайланд бичсэн байна. 


ХЭҮК-ын дарга, хуульзүйн доктор Д.Сүнжид, “Эмийн чанар анхаарал татах түвшинд хүрсэн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ахиц гарч байгаа ч эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэнээс гарах 49 хувийн зардлыг шийдэхгүй бол эмзэг бүлгийнхэнд хүнд тусаж байна. Иймд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргаа доогуур, алслагдмал газарт амьдардаг хүмүүс гэхчлэн тодорхой бүлгийн бэрхшээлийг шийдэх хэрэгтэй. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас сүүлийн хорь гаруй жилд хаанаас санхүүжих нь тодорхойгүй 40 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, ЭМД-д дарамт учруулж буйг шийдэх хэрэгтэй” гэв.



Илтгэлд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжилгээ хийх нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний халдашгүй, чөлөөтэй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хувийн мэдээллээ хамгаалуулах, хохирлоо нөхөн төлүүлэх, шударгаар шүүлгэх, нотлох баримтаа шалгуулах эрхийг хөнддөг. Гэтэл шүүх шинжилгээнд хамаарах асуудлыг бүхэлд нь тусгаагүй гэдгийг тэмдэглэж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд эрх зүйн орчин, институцийн тогтолцоо бүрдэж, мэдээллийг ил болгох хүрээ, ил тод байдлын үзүүлэлт ахицтай байгаа ч хэлбэр төдий, чанар, хүртээмж, бодит хэрэглээ хангалтгүйгээс мэдээллийг дур мэдэн нууцлах, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлах эрсдэл үүсгэж байна. Мөн мэдээлэл авах хүсэлтийг шийдэх, татгалзсан шийдвэрийг хянан шалгах, хариуцлага тооцох механизм сул байгаа нь эрх зөрчигдсөн тохиолдолд үр дүнтэй хамгаалалт болохгүй байгааг харуулжээ. 


Монгол Улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, эрх зүйн орчин бүрдүүлсэн ч төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд үүргээ хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангах, эрсдэл учирсан хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авахыг боловсронгуй болгох, тэдэнд хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээ, бүтэц, санхүүжилтийг нэмж байгаа ч хүүхэд хамгаалах чиг үүрэг бүхий зарим бүтэц, нэгжийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгүй байгааг танилцуулгад дурдсан байна. 


Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдал нь бүх хүний эрхтэй холбоотой ч эрчүүдийн дунд эрүүл мэнд, нийгмийн сөрөг үзүүлэлт нэмэгдэж, амиа хорлох, донтох, осол гэмтэл, эрсдэлт зан үйлийн түвшин буурахгүй, зарим асуудал нь харагдахгүй, бодлогод бүрэн тусахгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ