40-65 насны иргэдэд хепатитийн В,С вирусийн илрүүлэг оношлогоог ЭМДС-гаас хариуцан хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-14 00:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны хурлын А танхимд Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсантай холбогдуулж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс уг хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Улс орон даяар 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих хөтөлбөрийн эхний алхам нь 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирусийн илрүүлэг оношлогоо хийж, эмчилгээний зардлыг ЭМДС-гаас хариуцах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, ЭМДС-гаас 68 хувийг, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолоод байна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дөрвөн зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлын хүрээнд 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна.  

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох талаар тодорхой ажлыг хэрэгжүүлнэ. Мөн архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсооход чиглэсэн цогц ажил үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгажээ.

Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.

Энэ үеэр “Ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ажлын хүрээнд орон даяар В,С вирусийн шинжилгээг хийснээр энэ өвчний халдварын талаар бүрэн судалгаа гаргах юм. Үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 85-90 хувьтай байгаа. Орон нутагт болон алс хөдөө нутагт суугаа иргэд нь сумандаа шинжилгээнд хамрах боломжтой. Эн тэргүүнд 40-65 насны хүмүүст илрүүлэг, оношлогоо хийх болсны учир нь манай улсад 1960-1970 онд ялангуяа 1955-1960 онд төрсөн хүмүүс цус, цусан бүтээгдэхүүнээр. мөн мэс заслын үед, зүү тариураар В, С вирусын халдварыг ихээхэн авсан байдаг. Өнөөдөр В, С вирусийн халдвар авсан хүмүүс манайд албан ёсоор оруулж ирсэн таван төрлийн эмнээс алийг нь ч сонгох өргөн сонголт байгаа. Манай улсад өнгөрсөн гурван жилд 35 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна. Хамгийн тулгамдсан асуудал нь донор олох асуудал хэмээн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцолж байв. 

Д.Өлзийсайхан

Холбоотой мэдээ